Гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар болов

оруулсан Алсын Хараа

Монгол Улс өнгөрсөн онд 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 9.2 тэрбум, импорт 6.8 тэрбум ам.доллар байв.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 3.2 (25 хувь) тэрбум, экспорт 1.7 (22.1 хувь) тэрбум, импорт 1.5 (29.2 хувь) тэрбум америк доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Харин энэ оны 12 дугаар сард экспорт 417.3 сая, импорт 660.7 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 889.0 (68.1 хувь) сая ам.доллароор багассан бол импорт 117.9 (21.7 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оныхоос 121.1 (5.3 хувь) сая америк доллароор нэмэгджээ. Харин гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны 12 дугаар сард 243.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 1 тэрбум ам.доллароор багасав. БНХАУ-тай өнгөрсөн онд 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байгаа аж.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 32.3 хувийг чулуун нүүрс, 38 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 98, БНСУ-д экспортолсон барааны 68.2 хувийг алт эзэлсэн байв. Экспорт өнгөрсөн онд өмнөх оныхоос 1.7 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд зэсийн баяжмалын экспорт 1.1 тэрбум, нүүрсний экспорт 652.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Мөн уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөнтэй холбоотой экспортын орлого нэмэгдэж байна. Тухайлбал, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оныхоос 8.1 хувиар багассан бол үнийн дүн 63.1 хувиар нэмэгджээ.

Экспорт 2021 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 889 сая ам.доллароор багасахад нүүрсний экспорт 460.2 сая, алтных 217.2 сая ам.доллароор багассан нь гол нөлөө үзүүлсэн байна.

Өнгөрсөн оны импортын дүнг авч үзвэл, БНХАУ 36.8, ОХУ 28.6, Япон Улс 6.6, БНСУ 4.5, ХБНГУ 3.3, АНУ 3.1 хувийг эзэлж, нийт импортын 82.9 хувийг бүрдүүлж байгаа аж.

ОХУ-аас импортолсон барааны 51.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 70.4 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 5 хувийг цахилгаан эрчим хүч, 11.3 хувийг ачааны тэрэг, 83.7 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлжээ. Импорт өмнөх оныхоос 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд дизелийн түлшний импорт 157.7 сая, автобензин 146.4 сая, ачааны автомашин 116.2 сая, суудлын автомашины импорт 87.8 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.4 хувийг эзэлж байгаа бол импортын 64.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Сэтгэгдэл бичих