Хөгжлийн банкнаас зээл авсан "Кью Эс Си" компанийн 192 тэрбум 572 сая төгрөгийг эргэн төлүүлэх шийдвэрийг Улсын дээд шүүх өнгөрсөн баасан гарагт гаргасан юм.
Тухайн компани нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээл авч байсан юм.
Тус зээлийн гэрээгээр 2018 оны арванхоёрдугаар сард зээлээ төлж дуусгах заалттай байсан ч “Кью Эс Си” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсаар иржээ. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, зээлдэгч компаниас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 гаруй тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан байна. Үүнд Монгол Улсын Хөгжлийн банк гуравдагч этгээдээр оролцож, 3 шатны шүүхэд тухай бүр Хяналтын журмаар гомдол гарган ажиллажээ. Улмаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлоор 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын дээд шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, “Кью Эс Си” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192,572,187,590.244 төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахыг Улсын дээд шүүх шийдвэрлэжээ.
"Кью Эс Си" компани нь Худалдаа хөгжлийн банкны эзэн "Сахал" Д.Эрдэнэбилэгийн эзэмшил юм. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг өөрийн болгохдоо Хөгжлийн банкнаас гаргуулсан зээлээ оролцуулан авч байв. Хэргийг эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхээс татгалзах хууль бус шийдвэр гаргасан учир Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст давуу байдал бий болсон гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг шалгаж дуусаад, прокурорын хяналтад шилжүүлсэн. Товчхондоо, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ХХБ-ынханд зарсан хэргийг прокурор хянаж байгаа юм.