Уул уурхайн салбарын 100 жилийн ой энэ онд тохиож байна

оруулсан Алсын Хараа

Төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг, эдийн засгийн тулгуур болох уул уурхайн салбарын 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улсад Ардын хувьсгал ялсны дараа шинэ засаг төрөө эмхлэн байгуулсан 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарч байв. Энэ өдрийг уул уурхайн салбар үүсэж хөгжсөн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн тушаалаар салбарын 100 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг угтах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын баг байгуулж, анхны хурлаа хийжээ.

Хурлаар 100 жилийн ой угтан хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, зохион байгуулалтад оролцох дэд ажлын хэсгийг байгуулан гишүүдийг томилсныг УУХҮЯ мэдээлэв.

Ойн хүрээнд салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах, тулгамдсан асуудлыг шийдэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулан, хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгох, нөхөн сэргээлтийг идэвхжүүлэх, техник технологийн шинэчлэлийг салбартаа нэвтрүүлэх гээд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих