Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг өчигдөр албан ёсоор зодог тайлж буйгаа зарласан билээ. Хөдөлмөрийн баатар цолны найраа өчигдөр хийсэн тэрбээр холимог тулааны спорт руу шилжин, UFC-д хүч сорихоор шийдсэнээ хэлсэн юм.
Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн шавь, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат М.Уранцэцэгийн их спортоор гаргасан бахдам амжилтуудыг сонирхуулъя.
-М.Уранцэцэг 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүд (Mастерс, Их дуулга, гран при)-ээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаараа 2020 онд Гиннесийн дээд амжилт тогтоосон юм. Энэ нь монгол жүдочийн амжилтын “Гиннесийн ном”-д бүртгэсэн анхны тохиолдол.
-2013 онд ДАШТ-ээс алтан медаль хүртэн, дэлхийн аваргад түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болсон
-Өнгөрсөн жил Токиогийн олимпын өмнө ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн.
Ингэснээр ДАШТ-ээс дөрвөн медаль (2013 онд алт, 2017 онд мөнгө, 2019, 2021 онд хүрэл) авсан төдийгүй алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан анхны монгол жүдоч болсон
-“Токио-2020” олимпоос хүрэл медаль авсан. Ингэснээр олимпын медалиар энгэрээ мялаасан Монголын гурав дахь эмэгтэй бөх, хоёр дахь эмэгтэй жүдоч болсон юм. Түүнээс өмнө Монголын эмэгтэй бөхчүүдээс Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг (чөлөөт бөх), Д.Сумъяа (жүдо) нар олимпоос медаль хүртсэн юм.
-Олимпоос хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч
-Олимп, ДАШТ-ий таван медальтай анхны монгол жүдоч
-М.Уранцэцэг Монголын 2021 оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон
-Азийн наадмын алт (2014), хүрэл (2018) медальтай
-Азийн АШТ-ий зургаан медаль (хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл)-тай
-Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий эрэмбэлэгддэг “World masters” тэмцээний нэг алт, хоёр хүрэл медальтай
-“Их дуулга” тэмцээнээс долоон алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль авсан
-Гран при тэмцээнээс таван алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн
-Универсиадын нэг мөнгө, нэг хүрэл медальтай
-Дэлхийн тулааны наадмын нэг хүрэл медальтай.
Ингэснээр олимп, ДАШТ, олон улсын тэмцээнээс нийт 56 медаль хүртэн, бахдам амжилтаараа монгол түмнээ үргэлж баярлуулсаар ирсэн Монголын шилдэг жүдоч юм. Одоо тэрбээр эл бахдам амжилтаа холимог тулааны спортоор үргэлжлүүлж, дэлхийн шилдгүүдтэй жүдогийн дэвжээнд бус UFC-ийн дэвжээнд өрсөлдөх нь. Амжилт хүсье.