О.Батбаяр: Омикроны давалгаа нь дэлхийн улс орнуудад гурав болон дөрөв дэх тунг эрчимжүүлэхэд хүргэсэн

оруулсан Алсын Хараа

Дархлаажуулалтын дөрөв дэх тунг ямар зохицуулалтаар хийж буй талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ, "ДЭМБ-аас баримталж буй байр суурь бол вакцины хүртээмжийн асуудал байгаа. Вакцины хүртээмж багатай улс орнуудад хүртээмжийг сайжруулахад аль болох анхаарал хандуулахыг зорьж байгаа. Дөрөвдүгээр тунг хийж байгаа улс орнуудын гол үндэслэл нь дэлхий дээр хэрэглэж буй вакцины үр нөлөө гурван сарын дараа эрчимтэй буурч байна гэсэн судалгаанууд гарсан. Мөн омикрон давалгааны эрчимтэй байдал нь  улс орнуудыг гурав болон дөрөв дэх тунг эрчимжүүлэхэд хүргэсэн” хэмээн тодотголоо.

Халдварлах чадвар өндөртэй, дахин өвдөх эрсдэл нь 3-5 дахин нэмэгдсэн, гэр бүлийн халдвар 4-5 дахин нэмэгдсэн үед гуравдугаар тунгаас хойш гурван сар болсон, хавсарсан өвчтэй хүмүүс, ахмад настан, өмнө нь өвдөж байсан, өвдөх эрсдэлтэй гэсэн бүлгийн хүмүүс вакцины дөрөв дэх тунд яаралтай хамрагдах шаардлагатайг тэрбээр нэмж дурдав.

Үүнээс гадна "омикрон" хувилбартай холбоотой дэлхийн улс орнуудад коронавируст халдвараар давтан өвдөлт 3-5 дахин нэмэгджээ. Манай улсын хувьд давтан өвдөх эрсдэл мөн 3-5 дахин нэмэгдэх эрсдэлтэй байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотгов.

Тэрбээр, “Давтан өвдөж байгаа хүмүүсийн 100 хувь нь өвдсөнийхөө дараа вакцин тариулаагүй хүмүүс байна. Бид омикрон давалгааны эхэн үед вакцины хэдэн тунтай байсан ч өвдөөд, дараа нь вакцин тариулаагүй бол өвдөх эрсдэл өндөр гэдгийг иргэддээ зөвлөж байсан” хэмээв.

Сэтгэгдэл бичих