Халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг өөрчилж байна

оруулсан Алсын Хараа

Сүүлийн долоо хоногт “Ковид-19” халдварын зөөвөрлөгдсөн болон дотоодын халдварын тоо эрс нэмэгдэж байна. Энэ цаг мөчид халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ өөрчилж байгаа тухай ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэв.

Тэрбээр, “Өмнө нь бид эрсдэлд суурилсан буюу хилийн тандалтын хариу арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байсан.Харин одоо

  1. Тандалт, сэргийлэлтийн чиглэлийн хариу арга хэмжээ
  2. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу коронавирусний эсрэг вакцины 3,4 дүгээр тунгийн хамралтыг нэмэгдүүлэх
  3. Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ
  4. Хилийн тандалт, эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ гэсэн дараалалтай болгон өөрчиллөө.

Эрүүл мэндийн яам, УОК, Засгийн газрын хуралдаанаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу бид хилийн тандалт болон тусгаарлан ажиглах байранд тандах үйл ажиллагааг зогсоосон. Иймд дотоодын халдвар, тэр дундаа эрсдэлт бүлгийн хүн амыг хамгаалах, голомтлон тархаж байгаа кластер халдварыг цааш тархаахгүй барих чиглэл рүү илүү орж байна" гэв.

Мөн тэрбээр омикрон хувилбарын нууц үеийн хугацаа илүү богиносож байна. Мөн халдварлуулах үе, халдвартай байх үе буурч байгаа тул өвдөх эрсдэлтэй бүлгүүдээ шинээр тодорхойлж, сэжигтэй тохиолдол, хавьтлын тодорхойлолт, хөл хорионд байх хугацаа, дахин халдвар авах тодорхойлолтуудыг шинэчилж байгааг тодотгов.

Сэтгэгдэл бичих