Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Замын-Үүд боомтын ачаа буулгах, шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүсэд гурван сарын хугацаанд хэсэгчилсэн онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан байна.
Эрээн боомтоос импортын ачаа барааг тээвэрлэх ажил өчигдөр эхэлж, 26 чингэлгийг хилээр нэвтрүүлсэн. Харин өнөөдөр 49 чингэлэг ачаа бараа хилээр нэвтэрсэн гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ онцлов.
Тэрбээр, “Засгийн газраас импортын ачаа барааг цаг алдалгүй татан авах талаар Хятадын талтай тохирсон. Тухайлбал, хилийн бүсийн халдвар хамгааллын дэглэм сахих, тэнд ажиллах ажилтнуудын баримтлах дүрэм, журмыг тодорхой болгох зэргийг тохирсон. Үүнийг цаашид хэвийн үргэлжлүүлэхэд төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах, ачаа тээврийн жолооч нар хариуцлагатай байх, тэдний тусгаарлалтыг нарийн зохион байгуулах зэрэг анхаарах шаардлагатай олон асуудал бий” гэлээ.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Ачаа тээврийн үнэ өндөр байгаагийн улмаас иргэдийн гар дээр ирж байгаа барааны үнэ өсөж байна?
-Эхний ээлжинд ачаа бараа тээвэрлэх асуудлыг шийдвэрлэж байна. Үүний дараа үнэ өртөгтэй холбоотой асуудлыг Хятадын талтай хамтран зах зээлийнх нь зарчмаар бодит түвшинд нь барих бүх ажлыг хэрэгжүүлж байгаа. Хятадын талд ч үнэ хөөрөгдөж байгаа асуудал бий. Манай улсад ч ачаа тээврийн компаниудтай хамтран шийдвэрлэх асуудал байна. Ачаа илгээгч, нийлүүлэгч, тээвэрлэгч, гаалийн байгууллагууд хамтран ажиллаж байж үнийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа.
-Хоногт хилээр нэвтэр автомашины тоог тогтоосон уу?
-Цаашид аль болох тоог нь нэмэх бодлого барина. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, хоёр талаасаа хариуцлагатай байж чадвал энэ ажил тогтвортой үргэлжилнэ. Тийм ч учраас Засгийн газраас Замын-Үүд боомтын ачаа буулгах, шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүсэд гурван сарын хугацаанд хэсэгчилсэн онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Ингэснээр ачаа тээврийн үйл ажиллагаа нарийн зохион байгуулалтаар явна гэж үзэж байгаа.
-Ачаа барааг татан авахдаа эм эмнэлгийн хэрэгслийг түрүүлж хил нэвтрүүлэх зэргээр ангилал хийх үү?
-Ачаа бараанд ангилал хийхгүй. Хэн нэгний ачааг урдуур оруулах гэхээс илүү хил дээр ирсэн цаг хугацаагаар эрэмбэлэн нь нэвтрүүлэх ёстой. Хятадын тал цаанаас ирэх тээврийн үнийг тодорхой болгож байгаа. Нэг чингэлэг ачаа 7500 юань байна. Иргэддээ мэдээлэл болгож хэлэхэд Замын-Үүдээс Улаанбаатар хот руу төмөр замаар ачаа татан авбал нэг вагон ачаа 2.5 сая төгрөг болно. Харин автомашинаар тээвэрлэх юм бол 5 сая орчим төгрөг байна гэсэн тооцоолол гарч байгаа. Гэхдээ үүнд нэг асуудал бий. Ачаа илгээгч, хүлээн авагч талууд үгсэж үнээ нэмдэг асуудал байгаа. Үүнийг таслан зогсоохоор Хятадын талтай хамтран ажиллаж байна.