/DW/. ХБНГУ-д коронавирусээр халдварласан нь батлагдсан хүний тоо нэг хоногийн дотор 80 430-аар нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн олон тохиолдол боллоо гэж Роберт Кохын нэрэмжит вирус судлалын хүрээлэн мэдээлжээ.
Өмнөх дээд үзүүлэлт 11 дүгээр сарын 25-нд бүртгэгдэж, 75 961 шинэ тохиолдол илэрсэн байна. Германд цар тахал дэгдсэнээс хойш нийт 7 661 811 хүн коронавирусний халдвар авчээ. Өнгөрсөн хоногт илэрсэн шинэ тохиолдлуудын дийлэнх нь Хамбург /10 539/, Бремен /7899/, Кельн /4454/, Дюссельдорф /4358/ хотуудад бүртгэгдсэн байна.
Коронавирусээр үүсгэгдсэн өвчин нь хүндэрсний улмаас сүүлийн 24 цагт 384 хүн нас барж, нас барсан нийт тохиолдол 114 735 болсон бол 6.2 сая гаруй хүн халдвараас эдгэрчээ.