А.БУРМАА: ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХГҮЙН ТУЛД НЭМЭЛТ ТУНД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХ ХЭРЭГТЭЙ

оруулсан Алсын Хараа

Омикрон хувилбарын халдвар, улирлын томуугийн дэгдэлттэй зэрэгцэн тархаж байна. Нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Омикрон хувилбарын давалгаа эхэлсэн. Энэ хувилбар нь халдварлах чадвар өндөртэй. Одоо бүртгэгдэж байгаа тохиолдлууд нь омикрон хувилбараар халдварлаж байна. Үүнээс хамгаалах гол зүйл нь сайн дархлаа. Дархлаагаа яаж дэмжих вэ гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Мөн түүнчлэн гурав, дөрөвдүгээр тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Вакцинд хамрагдсанаар эндэгдэл хүндрэлээс сэргийлнэ. Тэгэхээр эмнэлэгт хэвтэхгүй байхын тулд нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй юм. Гурван тун вакцинтай, дээрээс нь өвдөөд эдгэрсэн хүмүүс ч дахин халдвар авах тохиолдол байна. Вакцин болон өвдөөд эдгэхэд тогтсон дархлаа тодорхой хугацааны дараа буурч байгаа нь судалгаагаар нотлогдож байгаа юм. Тэгэхээр дөрөвдүгээр тундаа хамрагдах шаардлагатай. Томуу, томуу төстийн өвчлөлүүд дээрээс омикрон ч орж ирлээ. Энэ бүгдийг томуу төстэй халдварууд гэж авч үзэж байна. Бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байна. Иймээс дархлаагаа сайжруулах хэрэгтэй байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих