ДАРХАН-УУЛЫНХНЫ ЖИШГЭЭР ЦАГААН САРЫГ ӨРГӨН ХҮРЭЭНД ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙЦГААЯ

оруулсан Алсын Хараа
ЭМЯ-аас ковид-19 халдварын дөрөв дэх давалгаа Монголд эхэлснийг мэдэгдсэн. Оны өмнө өдөр бүр гарах тохиолдлын тоо цөөрсөн ч монголчууд шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэсний гор гарч, өдөрт 1000 гаруй тохиолдол илрэх боллоо.
   Зөвхөн өнөөдөр (2021.01.11) гэхэд 1208 иргэн халдвар авсан нь бүртгэгджээ. Нэг ёсондоо, Монголд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 397,664 болж нэмэгдсэн гэсэн үг. Тун удахгүй сар шинийн баяр болно. Засгийн газар, УОК-оос “Хөл хорио тогтоохгүй. Харин төрийн золголт хийхгүй” гэж мэдэгдсэн. Тэгвэл аймгууд цагаан сар хийхийг бүрмөсөн хориглох шийдвэрийг эхнээсээ гаргаж эхэллээ.
  Тухайлбал, Дархан-Уул аймаг. Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Оны өмнөх 14 хоногт коронавирусийн өвчлөл эрчимтэй буурч эмнэлгийн ачаалал багассан. Харин оны эхний долоо хоногт өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөлийн тохиолдол дөрөв дахин нэмэгдсэн. Тиймээс энэ сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар болсон. Мөн сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг тус тус гаргалаа" гэв.
  Тиймээс дэлхий дахинд гамшиг болоод буй цар тахлын халдвараас сэргийлж, Дархан-Уулынхны жишгээр цагаан сарыг энэ жилдээ өргөн хүрээнд тэмдэглэхгүй байцгаая.

Сэтгэгдэл бичих