Ачаа бараатай чингэлгүүдийг хилээр нэвтрүүлж эхэллээ

оруулсан Алсын Хараа

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод 3 сар саатаад байсан чингэлэг тээврийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүллээ. Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, ачаа тээврийн үйл ажиллагааг халдвар, хамгааллын өндөр хяналтад зохион байгуулж байна.

Тодруулбал, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа барааг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон юм. Манай улсын талаас төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын алба хаагч, жолооч нарыг тусгаарлан, халдвар хамааллын өндөр дэглэм дор ачаа тээврийн үйл ажиллагааг ажиллуулах юм.

Өөрөөр хэлбэл, экспорт импортын ачаа барааг тасралтгүй явуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас тодорхой ажлыг ийнхүү хэрэгжүүлж байна. Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс ахлах цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилтын үйл ажиллагааг өнөөдрөөс ийнхүү эхлүүллээ.

БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манай улс руу импортлох ачаа бараа, чингэлэгүүд төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “СиноТранс” компани “0” цэг дээр авч ирэх эрхийг авчээ. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг тусгаарлан байрлуулах, “0” цэгээс Замын-Үүд дэх ложистикийн төв рүү чингэлэг бүхий ачааг зөөх шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон юм. Ложистикийн төвд буусан чингэлэгийг Улаанбаатар болон бусад аймаг хот руу уртын тээврээр хүргэх юм.

Сэтгэгдэл бичих