Казахстанд сураггүй болсон монгол иргэн цагдаад саатуулагдсан байжээ

оруулсан Алсын Хараа

Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКазУ)-д амьдардаг Монгол Улсын иргэн Д-г тус улсын цагдаагийн байгууллага саатуулсныг ГХЯ-наас өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, Казахстаны Алматы хотод байнга оршин суудаг иргэн Д энэ сарын 4-нд гэрээсээ гараад алга болсон талаар түүний ар гэрийнхэн нь Монгол Улсаас Казахстанд суугаа Элчин сайдын яам болон Алматы дахь Консулын газарт хандсан байна. Мэдээллийн дагуу Элчин сайдын яам болон Алматы дахь Консулын газраас Казахстаны холбогдох байгууллагад ханджээ. Одоогоор иргэн Д-г Алматы хотын харьяа дүүргийнх нь цагдаагийн газар саатуулсан болохыг тогтоосон бөгөөд саатуулсан шалтгаан, хэзээ суллах талаар албан ёсны мэдээллийг Казахстаны ГХЯ-наас авахаар ажиллаж байгааг мэдээлэлд дурдсан байна.

Монгол Улсаас Казахстанд суугаа Элчин сайдын яам болон Алматы дахь Консулын газар иргэн Д-гийн гэр бүлийнхэнтэй байнгын холбоотой байгаа аж.

Сэтгэгдэл бичих