Коронавирусийн омикрон хувилбар дотоодод тархаад буй. Халдварлах чадвар өндөртэй уг вирусээс хэрхэн хамгаалах, сэргийлэх, вакцин яагаад чухал болох талаар “Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, тус эмнэлгийн Эмнэлгийн тусламж эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр нар оролцжээ. Тэднийг ярианаас зарим асуулт, хариултыг хүргэж байна.
-Коронавирусийн Омикрон хувилбар мөн эсэхийг оношлоход хэдий хэр хугацаа зарцуулж байна вэ?
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Бид PCR түшиглэсэн тандалтаар альфа, дельта хувилбар уу эсвэл S генийн алдагдал уу гэдгээ эхлээд тодорхойлдог. Энгийн PCR шинжилгээний хариуг 12-24 цагийн дотор гаргаж байна. PCR шинжилгээ авсны дараа тухайн сорьцыг тодорхойлохын тулд бүрэн геномын дарааллыг тодорхойлох шинжилгээ хийдэг. Нэг ёсондоо 14 хоногийн хугацаа шаардагдаж, хариу нь гардаг гэсэн үг.
-Омикрон хувилбар дотоодод тарсныг нуусан гэх хардлага гарсан. Үнэхээр нуусан юм уу?
-Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Тийм зүйл байхгүй. Бид ӨАБНУ-д омикрон хувилбар бүртгэгдсэний дараа хилийн хяналтаа сайжруулж, омикроны давлагааг тодорхой хугацаанд хойшлуулах бодлого барьсан. Коронавирусийн дельта давлагааны ард дөнгөж гарсан эрүүл мэндийн салбарынхныхаа нурууг амраах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бэлдэж, шаардлагатай судалгааг хийж амжсан. Сар гаруйн хугацаанд омикроны давлагааг хойшлуулж, цаг хожсон гэсэн үг.
-Омикрон ямар шинж тэмдгээр түлхүү илэрч байна вэ. Хүндрэх эрсдэл хэр вэ?
ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр: Олон улсад омикрон хувилбар дөнгөж гарч байгаа, эмнэлзүй, хүндрэлийн талаар түрүүчээсээ судалгаанууд хийгдэж байна. Манай улсын хувьд Өмнөд Судан улсаас ирсэн 244 энхийн сахиулагчийн 231 нь сэжигтэй хувилбар байсан. Тэднээс харьцангуй хөнгөн шинж тэмдэг илэрсэн. Тодруулбал, 4 хувь нь уушгины хатгаа, 96 хувь нь амьсгалын дээд замын шинжээр буюу хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, бага зэрэг халуурах, хуурай ханиалгах шинж тэмдэг илэрсэн. Тэд уушгины хатгаа болж хүндрэлгүй, эмчлэгдээд гарсан. Энэ датанаас үзэхэд, харьцангуй хөнгөн тусах магадлал ажиглагдаж байгаа. Гэхдээ халдварлах чадвар өндөр учраас олон хүн өвчилнө. Хэдий хүндрэл бага ч олон хүн өвчилж буй учраас эрсдэлт бүлгийн хүмүүс хүнд болон нэн хүнд хэлбэрээр өвчлөх магадлалтай. Гэхдээ омикрон хувилбар амьсгалын дээд замд илүүтэй үржиж байгаа учраас уушги руу орж гэмтээх нь харьцангуй бага. Тиймээс эрсдэлт бүлгийн хүмүүсээ өвчлүүлэхгүй байх нь чухал.
-Амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барих, вакциндаа хамрагдах өмнөх зөвлөмжүүдийг мэргэжлийн хүмүүс өгч байна. Удахгүй сар шинийн баяр болно. Та ямар зөвлөмж өгөх вэ?
-Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Омикроны давлагаа улс орон бүрт харилцан адилгүй үргэлжилж байна. Жишээ нь, Өмнөд Африкт энэ давлагаа нэг сар орчим үргэлжилсэн. Тухайн улсын газар зүйн байрлал, улирал, өмнө нь өвчилж байсан хувь өндөр, дундаж нас 27 байсан гэх мэт хүчин зүйлээс хамаарч тус улсад харьцангуй хөнгөн шинж тэмдгээр илэрсэн байж болно. Манай улсын хувьд өмнө нь өвчилж байсан хүмүүсийн хувь өндөр, вакцины 3-р тунгийн хамрагдалт өндөр зэргээс хамаарч омикроны шинж тэмдэг хөнгөн байх магадлалтай. Нөгөө талаас агаарын бохирдол ихтэй, хавсарсан өвчинтэй хүмүүс өндөр байгаа нь сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй. Мөн томуу, томуу төст өвчний давлагаатай хавсарч байна. 2020-2021 онд манай улсад томуугийн давлагаа орж ирээгүй, харин энэ оны эхнээс томуу, томуу төст өвчин их байна. Омикроны давлагааг нам дор явуулахын тулд иргэдийн оролцоо туйлын чухал байна. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих уламжлалт халдвар хамгааллын дэглэмээс гадна вакцины 3, 4-р тундаа хамрагдах нь маш үр дүнтэй.
Өмнө нь вакцинд хамрагдаагүй өвдөөгүй байсан хүн одоо омикрон хувилбараар өвдөх магадлал 100 хувь болсон. Нэг, хоёрдугаар тунтай бол омикроноор 100 хувь эрсдэлтэй байна. 3-р тун хийлгээд гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол өвдөх магадлал мөн 100 хувьтай байгаа. Аль нэг тунтай хэр нь өвдөж эдгээд вакцин хийлгээгүй бол мөн өвдөх эрсдэл 100 хувь. Энэ вирусийг энгийнээр зүйрлэж хэлбэл, хүний эс рүү нэвтрэх чадвар маш өндөр.
Бүүстэр тун хийснээр маш богино хугацаанд хүний дархлааны эсүүдийн тоог олшруулна. Мөн эсрэг биетийн хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлж байна. Ийм тохиолдолд таны дархлаа вирус орж ирэхээс өмнө устгаж байна гэсэн судалгааг омикроны давлагаанд өртсөн маш олон улс орны судлаачид хэлж байна.
-3-р тунгаа хийлгээд халдвар авсан иргэд олон байгаа шүү дээ. Дөрөвдүгээр тун яагаад чухал юм бэ?
-ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр: 3-р тун хийлгэсэн иргэд гурван сар хүртэл хугацаанд 75 хувь нь халдвар авахгүй. Мөн тэдний эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдлыг 70 хүртэл хувиар бууруулж чадсан. Вакцин таныг омикроноос хамгаална.
-Хоёр веросолл вакцины дараа 3 дахь тунгаа мөн энэ вакцинаар хийлгэсэн хүмүүст дархлаа хэр тогтсон бэ?
-ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Манайх дөрвөн төрлийн вакциныг иргэдийн сайн дурын үндсэн дээр хийсэн. Энэ төрлийн вакцинуудын эсрэг биетийн титрийг үзэхэд, Файзер, Спутник өндөр, дараа нь Астра зенека, Веросалл орж байсан. Гэхдээ урт хугацааны дараа үзэхэд, Веросалл эсрэг биетийн хэмжээ мөн өндөр байсан. Хоёр тун Веросаллын дараа Файзер хийлгэсэн хүнийг гурван тун Веросалл тариулсан хүнтэй харьцуулахад эсрэг биетийн хэмжээ өндөр байсан.
-Хүүхдүүдээ омикроноос хамгаалах чиглэлд ямар бодлого барьж байна вэ?
-Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Манай улсад 0-11 насны хүүхдүүд вакцингүй байгаа. Бид хүүхдүүдээ томуугийн вакцинд 100 хувь хамруулсан. Хүүхдүүд омикрон хувилбараар өвдөж, хүндрэх эрсдэлтэй байгаа. Тэр дундаа 0-5 насны хүүхдүүд хүнд тусаж байгаа талаар олон улсын судалгаа гарсан. Бид хүүхдийн орыг хангалттай дэлгэсэн. Хүндрэл нэмэгдвэл орны тоог нэмнэ. Хүүхдүүдээ вакцинжуулах талаар судалгаа хийгдэж байна. Ямар нэг шийдвэр гараагүй.
-Бүүстэр тунгийн үр дүн бол манайд чамлахааргүй сайн байна. Аль ч бүүстэр тунгийн үйлчлэл 3-4 сар болж байна. 340 байгаад 110 руу, 110-70 болж үйлчлэлийн хувь бууж байна гэдэг бол бид одоо хүссэн хүсээгүй 4 дэх тунгийн талаар ярих цаг болжээ. Дөрөв дэх тун ямар вакцин хийлгэх вэ?
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Бид нар одоо босго утга гэж яриад байгаа шүү дээ. Босго утга руугаа эсрэг биет буурч байгаа учраас 4 дэх тунгийн үндэслэл гарч ирж байна. Халдварт өвчний эсрэг хамгийн сайн арга хэмжээ бол вакцинжуулалт. Гэхдээ “Ковид-19”-ийн эсрэг вакцин бол урт хугацаандаа дархлаа тогтоож чадахгүй байна. Ер нь бол вакцинжуулалтын дараах дархлаа тогтож байгаа насжилт 4-6 сар байна. Тийм учраас энэ хугацаанд эсрэг биеийн төвшнөөс хамаарч бүүст хийх шаардлага бий болж байна гэж ойлгож болно.
-Гурван удаа “Виросел” вакцин хийлгэсэн хүн дөрөв дэхээ “Файзер” хийлгэж болох уу?
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Болно. Өнөөдрийн байдлаар “Синофарм” үйлдвэрийн “Вероселл” вакцин 782 мянган хүн тун байна. “Файзер” 2 сая хүн тун, нийт 2,8 сая хүн тун вакцин манай улсад бэлэн байна. Тэгэхээр одоо бүх нийтээрээ 3 болон 4 дэх тун тариулсан ч хангалттай гэсэн үг.
-Манайд тархсан ковид дотор аль хувилбар нь хамгийн их байна вэ?
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Бид бүрэн генийн дараалал тогтоох шинжилгээг нэгдүгээр сарын 06-нд нэгтгээд зөөвөрлөгдсөн 12 тохиолдлыг 07-ны өдөр зарласан. Ингээд 09-нд дотоодод эерэг гарсан сорьцуудаас түүвэрлэж шинжилгээ хийхэд “омикрон”-ын таван тохиолдол батлагдаад ЭМЯ олон нийтэд зарласан. Хувилбарын тандалтыг бид хийхдээ нийслэл, орон нутгаас ирсэн чанарын шаардлага хангаж байгаа, хавьтлын судалгаагаар хамгийн эрсдэлтэй каластерийн сорьцуудаас түүвэрлэж хийдэг. Он гарахаас өмнөх PCR-ийн тандалтын шинжилгээ гэхэд жишээ нь арванхоёрдугаар сарын 08-нд 180 эерэг тохиолдолд хийсэн шинжилгээгээр 100 хувь “Дельта” хувилбар илэрч байсан. Арванхоёрдугаар сарын 25-нд 225 сорьцод хийсэн шинжилгээгээр 224 нь Дельта, нэг нь S генийн алдагдал, “альфа” хувилбар илэрч байсан байна.
-Одоо омикрон нэгэнт дотоодод илэрсэн ийм үед гадаадаас ирж байгаа хүмүүсийн тусгаарлалтыг яах вэ, бас Цагаан сарыг иргэд яаж тэмдэглэх вэ?
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Ер нь омикрон хувилбарын халдварлах чадвар маш өндөр учраас бусад улсын жишгийг харахад 2-3 хоногийн дотор тохиолдлын тоо 1000-д хүрч байгаа. Их Британи зэрэг улсад бол 1000-аас 1 саяд бол 20 хоногийн дотор л хүрч байгаа. Тэгэхээр “ковид” дотор “омикрон” хувилбарын эзлэх хувь бол маш богино хугацаанд 100 хувь болно. Үүнд эргэлзэх юм байхгүй. Бусад улс оронд нотлогдсон. Гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарласан арга хэмжээ бол үр дүнгээ өгсөн. Ямар ч байсан ингэсний хүчинд хүний нөөцөө амрааж, энэ давлагаатай нүүр тулж байна. Өнөөдөр УОК гадаадаас ирэх иргэдээ тусгаарлах эсэх асуудалд шийдэл гаргах байх. Нэг эрсдэл бол гадаадаас ирж байгаа иргэдийн эерэг хувь бол маш эрчтэй нэмэгдсэн. Эхэн үедээ нэг онгоцноос нэг, хоёр тохиолдол илэрч байсан бол арванхоёрдугаар сарын сүүлээр бол оннгоцны 10 зорчигч тутмын нэг нь эерэг гарсан. Эрсдэл өндөр хэвээр байгаа. Цагаан сарын хувьд манай улсад нэгдүгээр сарын дунд болон сүүлээр оргил үедээ хүрэх тооцоолол гарсан. Гэхдээ нэг давуу тал байгаа нь иргэдийн вакцины хамрагдалт, өвдсөний дараах дархлаа тогтоц өндөр учраас иргэд аль болох эрчимтэйгээр бүүстэр тундаа хамрагдчих хэрэгтэй. “Файзер” тариулсны дараах 2-3 хоногт цусан дахь эсрэг биетийн хэмжээ маш сайн, 21 дэх хоног дээрээ бол оргилдоо хүрч нэмэгдэж байгаа. Ингээд хүн бүхэн вакцинд хамгаалагдчихвал хөл хорио хийхгүйгээр хичээл сургуулиа ч хоёрдугаар сарын эхээр хэвийн явуулаад нам давалгаатайгаар “омикрон”-ыг эрсдэл багатай давах боломж байгаа.
-Сая таны хэлсэнчлэн нэгдүгээр сарын сүүлээр оргил үедээ хүрэх нь байна. Үүнээс хэдхэн хоногийн дараа сургууль, цэцэрлэг нээгдэнэ. Тэгэхээр хүүхдүүд бол вакцингүй байгаа шүү дээ. Энэ тал дээр?
О.Батбаяр: Мэдээж тухайн үед нь шийдвэр гаргана. Тооцооллын хувьд оргил үе нь нэгдүгээр сарын сүүлээр таарч байгаа. Одоо хүүхдүүдийн өвчлөл ямар түвшинд байхаас хамаараад дараа дараагийн арга хэмжээг авах байх. Боловсрол бол маш чухал. Хүүхдүүдийн орхигдож байгаа боловсрол хэзээ ч эргэж нөхөгдөхгүй. Энэ утгаараа Омикроны давлагаанд өртсөн маш олон оронд тэнхмийн хичээл явж л байгаа. Нөгөө талаар “альфа”, “дельта” давлагааны үед өвдсөн хүүхдүүдийн хувьд дархлаа өндөр суусан. 0-5 насны хүүхдүүд бол дархлаа багатай байдаг. Харин 05-11 насны хүүхддүд бол дархлаа өндөр байдаг.
-Та сая тухайн үедээ шийдвэр гаргана гэлээ. Ямар нөхцөл байдалд хүрвэл хөл хорио тогтоох вэ?
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Засгийн газар, УОК, ЭМЯ бол хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Олон улсын жишгээр бол нас баралт эрс нэмэгдсэн, өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдсэн, эмнэлгийн ачаалал дийлдэхээ больсон, лаборатори ачааллаа дийлэхгүй, хүний нөөцгүй болсон гэдэг шалгуур байдаг. Үнэхээр ийм хүнд байдалд орвол улс орнууд ийм арга хэмжээ авч байгаа. Нэг өдөрт ийм хүнд байдалд орохгүй, манай улс тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангасан. Энэ бол бидэнтэй учирч байгаа эхний давлагаа биш. Цагдаа, онцгой гэх зэрэг бидэнтэй хамтарч ажиллаж байгаа төр, хувийн бүх байгууллагууд үүнийг даваад гарна гэсэн итгэлтэй байгаа. .
-Нэгдүгээр сарын сүүлээр өвчлөл оргил үедээ хүрвэл өвчилсөн хүмүүст олгодог эрүүл мэндийн багцыг хэрхэн шийдэх вэ?
Эрүүл мэндийн зөвлөх О.Батбаяр: Уг нь томуу хэлбэртэй явж байгаа энэ тохиолдолд. Дельта давлагааны үед бол вирусын эсрэг эмчилгээг бид түрүүлж хэрэглүүлэхийг зорьж байсан. Одоо бол иргэд ингэх шаардлагагүй. Шинж тэмдгийн эмчилгээг цаг тухайд нь хийлгээд явахад болно.