Гадаад худалдааны эргэлт 16.1 тэрбум ам.долларт хүрч, 25 хувиар өсжээ

оруулсан Алсын Хараа

Манай улс өнгөрсөн онд 15.7 сая тонн нүүрс экспортод гаргаж, 2.7 сая ам.долларын орлого олжээ. 2021 онд цар тахлаас шалтгаалан хил гааль тодорхой хугацаагаар хязгаарлалттай, хаалттай байсан ч Монгол Улс дэлхийн 162 улстай гадаад худалдаа хийв. Үүнээс 64 улсад дотооддоо үйлдвэрлэсэн брэндийн бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол 159 орноос 6.8 тэрбум ам.долларын импортын бараа татан авсан талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн мэдээллээ.

2020 онтой харьцуулахад экспорт 2021 онд 25 хувиар нэмэгджээ. Нийт экспортын 81.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний дотор 2021 онд 2.7 тэрбум ам.долларын, 15.7 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь 2019 оны мөн үеэс 310.4 сая ам.доллар буюу 20.8 сая тонноор буурсан боловч 2020 оны мөн үеэс 12.9 сая тонноор буюу үнийн дүнгээр 640.3 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан байна.

2020 онд нэг тонн нүүрсийг 74.3 ам.доллароор гаргаж байсан бол өнгөрсөн онд 176 ам.доллароор экспортолж, 101.7 ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ. Чулуун нүүрсний 89.2 хувийг БНХАУ-д гаргасан байна. 2020 оны мөн үетэй харьцуулахад өнгөрсөн онд ургамлын гаралтай бүтээгдэхүүн, төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн өссөн нь экспортод голлон нөлөөлжээ.

2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд гадаад худалдааны эргэлт 30 орчим хувиар өсжээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны гүйцэтгэлээр 16.1 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар буюу 3.2 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна.

Гаалийн байгууллага Засгийн газраас боловсруулан УИХ-аас баталсан “Боомтын хөгжлийн ерөнхий цогц төлөвлөгөө”-ний хүрээнд энэ онд хилийн боомтуудын шинэчлэлийг бүрэн дуусгана хэмээн мэдэгдэж байна. Ингэснээр гадаад худалдааны эргэлт 30 хувиар нэмэгдэнэ хэмээн тооцолжээ.

Гаалийн байгууллага энэ онд улсын төсөвт 4.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр зорьж байна. Улсын хилээр хориотой, хүн ам, нийгэмд аюул учруулж болох бүтээгдэхүүн болон янз бүрийн өвчин, өвчтэй мал амьтан, ургамалыг хянах үйл ажиллагаа гаалийн байгууллагад ирж буй учир энэ онд дээрх чиглэлд анхаарч ажиллана гэдгийг ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр онцолж байв.

Сэтгэгдэл бичих