Ц.Билэгтсайхан: Хариу үйл ажиллагаагаар халдварын тархалтыг харьцангуй барьж байна

оруулсан Алсын Хараа

УОК өнөөдөр хуралдсаны дараа ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийв. Тэрбээр хэлэхдээ, коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Оны эхний сарын болон өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлийн 7 хоногуудыг харьцуулж үзэхэд халдвар 4 дахин ихэссэн. Мөн нэг чухал индикатор ПСР-аар илрүүлэх хувиар тооцож үзэхэд оны өмнө 4.4 хувь байж байгаад одоо 12-14 хувь болоод байна. Өөрөөр хэлбэл, 3-3.5 дахин ихэсч байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 1500 ор, аймаг, орон нутагт 894 ор дэлгээд байна. Орны ачаалал нэмэгдэж байна. Мөн хүлээх байдал үүсэж байна. ЭМЯ-наас ор зохицуулах нэгдсэн баг ажиллаж эхэлсэн. Тус багийн ерөнхий зарчим бол эрсдэл бүхий иргэдийг эрэмбэлж эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай, шуурхай үзүүлэх явдал юм. Эрсдэл бүхий иргэдэд 65-аас дээш насны ахмадууд, 1-2 болон түүнээс дээш хавсарсан эмгэгтэй иргэд, вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд болон жирэмсэн эхчүүд, мөн 0-5 насны хүүхдүүд орж байна. Эдгээр иргэдийг эрэмбэлэн нэн түрүүнд эмнэлгийн оруудыг зохицуулж байна.

Цаашид халдварын тохиолдлын тоо ихэсвэл яах вэ гэсэн төлөвлөгөө гарсан байгаа. Өнөөдрийн байдлаар 4 мянган ор бэлдээд байна. Ойрын хугацаанд 1200 орыг нэмж дэлгэхээр бэлтгэж байна.

Бид өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-ноос өдийг хүртэл 6 долоо хоног буюу 42 хоногийн хугацаанд эрсдэлд суурилсан хариу үйл ажиллагааг авч ирсэн. Энэ нь хэр үр дүнтэй байсан гэдэг дээр 2 тоо баримт хэлбэл, нэгдүгээрт, 120 гаруй нислэгээр 12 мянга гаруй иргэнийг татан хүлээн авсан. Энэ дотроос 600 эерэг тохиолдол зөөвөрлөгдөн ирснийг шүүж баталгаажуулсан. Эндээс харахад илрүүлэлт ойролцоогоор 5 хувь байгаа. Тусгаарлан ажиглах байрыг 12 дугаар сарын 25-наас ажиллуулж эхэлсэн. Энд 4 мянга орчим иргэнийг тусгаарлаж гарахаас нь өмнө мөн давтан шинжилгээг хийж авсан. Эндээс 155 эерэг тохиолдол илэрч, эерэг илрүүлэлт 4.1 хувьтай байв. Энэ хариу арга хэмжээ 4-5 хувийн эерэг илрүүлэлттэй байсан. Өнгөрсөн хугацаанд, оны өмнө буюу 11 дүгээр сарын сүүл болон 12 дугаар сард нийт 32 мянга орчим тохиолдол илэрч байсан. Энэ дээр ПСР-аар эерэг илрэх нь 6 хувь байв.

Эндээс харахад нийт илэрч буй хувиа бид энэ хариу үйл ажиллагааны дүнд харьцангуй байдлаар барьж чадаж байсан гэж дүгнэж болохоор байгаа юм. Тэгвэл он гараад нэг 7 хоног болчихлоо, түрүү хэлснээр ПСР-аар эерэг илрэх хувь 11-12, өнөөдрийн байдлаар 14 хувь болоод явж байна. Ялангуяа, зөөвөрлөгдсөнөөс илүү дотоод дахь халдварын тоо ихэсээд ирж байна. Ийм зөрүүтэй байдал үүсээд байна. Бид хариу үйл ажиллагааны үр дүнгээр халдварын тархалтыг харьцангуй барьж байна. Хоёр нислэг тутмын нэгээс зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн. 244 энхийн сахиулагчдаас 231 нь халдвартай байсан. Омикрон 90 хувь халдварлах боломжтой байна. Бид энэ хурдыг бууруулсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ үр дүнтэй байсан. Одоо дараагийн арга хэмжээгээ ярилцаж байна гэв.

Сэтгэгдэл бичих