Т.Баярхүү: Сар шинийн баярыг хориглох шийдвэр гаргаагүй

оруулсан Алсын Хараа

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, өрхийн эмчилгээг сайжруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Уг шийдвэрийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцуулав. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт ирэх сард эхлэх үү?\

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг бид цаг үеийн нөхцөл байдлаа дүгнэж байгаад тухай бүрт нь шийдвэрээ гаргана. Ер нь бол аль болох хөл хорио, хязгаарлалтын шийдвэр гаргахгүй байхад Засгийн газар, УОК анхаарч ажиллаж байгаа. нөөдрийн байдлаар коронавирусний вакцины хоёр тунд нийт хүн амын 66.6 хувь, гуравдугаар тунд 28.8 хувь хамрагдсан. Харин дөрөвдүгээр тунд 2000 гаруй иргэн сайн дурын үндсэн дээр хамрагдаад байна. Тиймээс вакцины үр дүн гарна гэсэн эрүүл мэндийн тооцоо, судалгаанд үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагуудаа хэвийн ажиллуулах байр суурь баримталж байгаа.

-Халдварын тархалт огцом нэмэгдвэл эм тарианы эрэлт хэрэгцээ үүснэ. Эм тарианы нөөц хангалттай бий юу. Хил хаалттай байгаа үед хүндрэл үүсэх үү?

-Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд УОК-оос мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч байгаа. Өнгөрсөн сард тасалдаад байсан эм, эмнэлгийн хэрэгслийн түүхий эдийг татан авах ажлыг зохион байгуулсан. Цаашдаа ч нөөцийг бүрдүүлэх, татан авахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа.

-Сар шинийн баярын үеэр ахмадууд эрсэлд орох магадлалтай?

-Сар шинийн баяр бол гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг монгол түмний уламжлалт баяр. Тиймээс өргөн хүрээнд биш цомхон тэмдэглэх нь зөв гэдэг зөвлөмж гаргасан. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх, хориглох шийдвэр гаргаагүй. Бид эм тарианы нөөц бүрдүүлэх, ор дэлгэх, өрхийн болон гэрийн эмчилгээг сайжруулахаар мэргэжлийн байгууллагууд бэлтгэлээ хангаж байгаа.

Сэтгэгдэл бичих