Энэтхэгт вакцины нэмэлт тун хийж эхэллээ

оруулсан Алсын Хараа
/ВВС/. Энэтхэгт халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улс эмзэг бүлгийн хүмүүст Ковид-19 вакцины нэмэлт тунг хийж эхэллээ.
Эрүүл мэндийн салбарын болон галын шугам дээр ажиллаж буй ажилтнууд, мөн хавсарсан өвчтэй 60-аас дээш насны хүмүүс эхний ээлжинд вакцины нэмэлт тунд хамрагдах ажээ.
Бусад улс орнуудын хийсэн анхны судалгаагаар нэмэлт тун нь омикрон хувилбарын эсрэг илүү сайн хамгаалж байна гэсэн үр дүн гарсан.
Энэтхэгт омикрон хувилбараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварлах чадвар өндөр энэ хувилбар нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Өмнөд Африкт анх бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш хэд хэдэн улс орнууд ковидтой тэмцэх арга хэмжээгээ өргөжүүлэх эсвэл энэ хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд дархлаажуулалтын тунгийн хоорондох зайг богиносгох арга хэмжээ авсан байна.
Энэтхэгт сүүлийн 24 цагийн дотор 179000 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн нь улсын нийслэл Дели, санхүүгийн төв Мумбай зэрэг томоохон хотуудад халдварын тохиолдол огцом нэмэгдсэнтэй холбоотой.
Тус улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт 15-18 насныханд вакцин хийж эхэлсэн бөгөөд энэ насны иргэдийн 31 хувьд вакцины эхний тунг хийсэн гэж мэдэгджээ.
Энэтхэг Ковид-19-ийн гурав дахь давалгаанд бэлэн үү?
Насанд хүрэгчдийн 91 гаруй хувь нь эхний тун вакцинд хамрагдсан бол 66 хувь нь вакцины хоёр тунд хамрагдаад байна.
Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар вакцинд хамрагдаагүй олон сая иргэн болон эрүүл мэндийн асуудалтай иргэд нь нөхцөл байдлыг дордуулж болзошгүй байна гэжээ.
Түүнээс гадна омикроны тархалт нь ихээхэн санаа зовоосон асуудал болоод байгаа юм. Энэтхэгт омикрон хувилбараар нийт 4,003 хүн халдварлаад байгаа бөгөөд үүнээс Махараштра хамгийн өндөр буюу 1126, Ражастанд 529, Делид 513 тохиолдол бүртгэгджээ.
Тус улсад одоогийн байдлаар 35 сая гаруй ковидын халдвар авсан тохиолдол бүртгэгдэж, 483000 орчим хүн нас баржээ.
Өнгөрсөн жил Энэтхэгт үүссэн хоёр дахь давалгааны улмаас тус улсад хүчилтөрөгч, ор, чухал эмийн хомсдол үүссэн байна.

Сэтгэгдэл бичих