УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн байна.
Дээрх хоёр хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Ингэхдээ тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн төслийг нарийвчлан хэлэлцэж, намын бүлгийн гишүүдийн саналыг нэгтгэх шаардлагатай гэсэн тайлбар хэлж байсан юм.
МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг өнөөдөр тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийн хурал хийж танилцуулав. Тэрбээр, “Бүлгээс дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихээр болсон. Ингээд УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэний дараа ажлын баг байгуулах нь зөв гэж үзлээ. Ингээд хэлэлцүүлгийн шатанд ТББ, сангийн төлөөлөгчдийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, зарим зүйл заалтыг засан, 2022 оны хаврын ээлжит чуулганаар батлахаар тогтсон” гэв.
Хэвлэлийн хурлын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Монгол Улс ФАТФ-ын өмнө хэд хэдэн үүрэг хүлээсэн. Тухайлбал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг батлах, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний байгууллагуудыг бүртгэх, үнэт эдлэл худалдан авдаг, алт хайлуулдаг үйлчилгээг бүртгэх, зөвшөөрөл олгох, ББСБ-ын үйлчилгээг боловсронгуй болгох үүрэгтэй. Мөн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүрэг хүлээсэн. Бид энэ оны төгсгөлд ФАТФ-т тайлангаа хүргүүлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр улиралд тус байгууллага Монгол Улс мөнгө угаах, тероризмтой тэмцэхэд стратегийн дутагдалтай орон мөн үү, үгүй юу гэдэг дүгнэлт гаргана. Өөрөөр хэлбэл, “саарал” жагсаалтад орох уу, үгүй юу гэдэг шийдэр гаргах юм. Товчхондоо Холбооны болон Сангийн тухай хуулиар холбоо, ТББ-ын Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, дүрэм зэргийг тодорхой болгох юм. Харин иргэний нийгмийн байгууллагыг хаасан, боомилсон заалт байхгүй” гэлээ.
Мөн бүлгийн өнөөдрийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна. Энэ үеэр Казахстан улсад байгаа Монгол Улсыэнн иргэдийн эрх ашгийг хамгаалахад ЭСЯ, Консулын газрууд идэвхтэй ажиллах нь зөв хэмээн МАН-ын бүлэг үзжээ.
Түүнчлэн дотоодод үнийн өсөлтийг хязгаарлах, тэтгэвэр тэтгэмж, хил гаалийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, бараа бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцсэн байна.
Хэвлэлийн хурлын үеэр Замын-Үүд боомтод төмөр замын тээврээс бусад тээврийн үйлчилгээ зогссон асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг сэтгүүлч асуухад, “БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн хашаанд манайх руу орж ирэх чингэлэг төвлөрч байгаа. Тус хашаанаас ачаа барааг БНХАУ-ын “Сино Транс” компани Монгол, Хятадын хилийн 0 цэг дээр авч ирж өгөх ёстой. Эндээс Монголын 7000 жолооч ачаа барааг татаж авах хүсэлтэй байгаа. Гэхдээ БНХАУ-аас 7000 жолооч халдвар хамгааллын дэглэм чандлан сахиулах ёстой гэсэн. Энэ бол ямар ч боломжгүй. Тэгэхээр Засгийн газар төрийн тусгай чиг үүргийн байгууллагын мэргэжлийн 200 жолоочоор импортын ачаа барааг 0 цэгээс Замын-Үүд боомт руу төлбөргүй зөөлгөж, нөгөө 7000 жолооч Замын-Үүдээс Улаанбаатар хот руу тээвэрлэнэ гэсэн шийдвэр гаргасан. Маргааш туршилтын тээврийг эхлүүлнэ” хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.