Бэрхийн далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийг энэ онд ашиглалтад оруулна

оруулсан Алсын Хараа
Уул уурхайн салбарын 100 жилийн ой энэ онд тохиож байна. 2022 онд Бэрхийн далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийг ашиглалтад оруулна.
Тус төвийн ажилд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Бэрхийн далд уурхайн музейд гурван талт бүтээн байгуулалтын ажлыг хийх аж. Эрдэнэтийн уурхайн удирдлагуудын ажлын хэсэг музейн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, хийх ажлынхаа тооцооллыг гаргаж мөн өнөөдөр аймгийн Засаг даргатай уулзаж хийх ажлуудаа танилцууллаа. Бэрхийн далд уурхайн музей байгуулснаар уул уурхайн мэргэжлийн оюутан судлаачид сургалт судалгааны баазтай болно. Мөн газрын доорх малталт, уулын ажлын дарааллыг бодит үзмэрүүдээр харуулна. Хоёрдугаар босоо амны байгууламж болон уурхайн захиргааны барилгыг сэргээн засварлаж, Сургалт судалгааны төв болгоно. Компрессорын барилгыг сэргээн засаж, Эрдсийн музей байгуулан, далд уурхайн өрөмдлөгийн ажил харуулсан, бэхэлгээний төрлүүдийг, тэсрэх материалын агуулах ухаж ачих, тээвэрлэх процессыг харуулах юм.
Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэсэн анхны бүтээн байгуулалтыг бий болгох, Бэрх хотыг “Чингис хааны түүхэн аялал жуулчлалын бүс” төсөлтэй холбогдох аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, сурталчлах, уул уурхайн мэргэжлийн оюутан, судлаачдад сургалт судалгааны бааз болох зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.

Сэтгэгдэл бичих