"ГУРАВДУГААР ТУН АХМАД НАСТНУУДЫГ ОМИКРОН ХУВИЛБАРЫН ХАЛДВАРААР ХҮНДРЭХЭЭС СЭРГИЙЛЖ БАЙНА"

оруулсан Алсын Хараа

Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тун ахмад настнуудыг омикрон хувилбараас үүдэлтэй хүнд өвчлөлөөс өндөр түвшинд хамгаалж байгаа нь Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар батлагджээ. Энэ дүгнэлтийг дөнгөж өчигдөрхөн зарласан юм.

Тодруулбал, вакцины нэмэлт тунг хийлгэснээс хойш гурван сарын дараа 65 ба түүнээс дээш насныхныг эмнэлэгт хэвтэхээс хамгаалах хамгаалалт 90 орчим хувьтай хэвээр байгаа нь нотлогдсон байна. Тус судалгаанд 2021 оны есдүгээр сард Их Британид нэмэлт тунгийн вакцинжуулалт эхлэхэд хамгийн түрүүнд хамрагдсан 65-аас дээш насны хүмүүсийг хамруулжээ.

Бүүстер тунгийн хүндрэлээс хамгаалах хугацаа урт байгаа бол хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгийн халдвараас хамгаалах хугацаа харьцангуй богино байгаа аж. Өөрөөр хэлбэл нэмэлт тун хийлгэсэн ч халдвар авч болох бөгөөд харин өвчний хүндрэл, нас баралтаас илүү хамгаалж байгаа аж. Вакцины хоёр тунтай хүнд халдвараас хамгаалах хамгаалалт гурван сарын дараа 70 орчим хувь, зургаан сарын дараа 50 хувь хүртэл буурдаг" гэж судалгаанд мөн тэмдэглэжээ. Өнөөдрийн байдлаар Их Британид 25 сая гаруй иргэн нэмэлт тунд хамрагдаад байгаа юм. Өнгөрсөн оны сүүлчээр тус улсад коронавирусийн омикрон хувилбар тархах үед нэмэлт тунгаар дархлаажуулах ажлыг эрчимжүүлжээ. Түүнчлэн Их Британийн вакцинжуулалтын нэгдсэн хорооноос дархлааны тогтолцооны сулралтай нэн эмзэг өвчтөнүүдэд бүрэн вакцин хийлгэхийн тулд дөрөв дэх тарилга хийхийг зөвлөсөн байна.

Сэтгэгдэл бичих