Даваа гарагт ханш нь унаад байсан "Brent” болон “WTI” маркийн нефтийн үнэ 5 гаруй хувиар өссөнийг арилжааны мэдээлэл харуулжээ.
Даваа гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 12 гаруй хувиар буурч, 30 ам.доллароос доошлон сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Үүний зэрэгцээ WTI маркийн нефтийн үнэ 10 хувиар унасан байна.
Улаанбаатарын цагаар 9 цаг 02 минутын байдлаар “Brent” маркийн нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 5.23 хувиар өсөж, нэг торх нь 31.17 ам.доллар болсон бол “WTI” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 5.10 хувиар өсөж, нэг торх нь 30.48 ам.долларт хүрчээ.
Нефтийн үнийн эргэн тойрон дахь нөхцөл байдалд коронавирусний цар тахлаас үүдэлтэй дэлхийн хөрөнгийн биржүүдийн тогтворгүй байдал нөлөөлж байна. Улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ дэлхийн эдийн засаг болон нефть олборлолтын салбарт хямрал үүсэхээс сэргийлж чадахгүй гэх болгоомжлол нефть арилжаалагчдын дунд үүссэн байна. “ОПЕК+” бүлгийн орнууд олборлолтоо бууруулах хэлэлцээрийг сунгах асуудлаар тохиролцож чадаагүй юм.
Даваа гарагт шилжих шөнө АНУ болон Японы Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх шинэ арга хэмжээ авснаа мэдэгдсэн. Өмнө нь Хятад, Их Британи, евро бүсийн төв банкууд эдийн засгаа дэмжих арга хэмжээ авсан билээ.
МОСКВА. /RIA Novosti/