С.Энхболд: Дөрөвдүгээр тунг иргэд сайн дураар хийлгэнэ

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины дөрөвдүгээр тунг сайн дураар хийлгэх тогтоолын төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.

Судалгаагаар, вакцинд хамрагдсан хугацаа уртсах тусам хамгаалах чадвар нь суларч байгаа аж. Тиймээс дээрх тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлсэн байна. Иргэн гурван тун хийгээд өвдсөн бол өвдсөнөөс хойш 21 хоногийн дараа вакцин хийлгэх боломжтой талаар журам гаргахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар, Израил, Турк улсад дөрөвдүгээр тунг хийж эхэлжээ.

Синофарм, Файзер вакцины нөөц хангалттай, зориулалтын газарт хадгалж байгаа бөгөөд энэ оны зургаадугаар сард хугацаа нь дуусна. Засгийн газар аль болох хөл хорио тогтоохгүй байхыг эрмэлзэж байгаа ч нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг таах аргагүйг тодотгов.

Манай улсад гаднаас зөөвөрлөгдсөн ирсэн 411 тохиолдол бүртгэгсэн бөгөөд геномын дараалал тогтоох шинжилгээг хийж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэлдээ тэмдэглэв.  Дэлхийд омикрон хувилбарыг ноднин 11 дүгээр сарын 26-нд бүртгэсэн цагаас хойш өнөөдрийн байдлаар 138 улс оронд тархаад байна. Дэлхий даяар өдөрт омикрон хувилбарын 200-400 мянган тохиолдол өдөрт бүртгэгдэж байгаагийн зэрэгцээ нийт 104 хүн нас бараад байна. Манай улсад 11 дүгээр сарын 27-ноос хойш 104 онгоцоор 10 мянга гаруй хүн ирснээс 411 тохиолдол батлагсдан. Тэдгээрийн дунд 244 энхийг сахиулагч байсны 231 нь халдвар авсан нь батлагдсан бөгөөд энэ сарын 3-4-нд  эдгэрч эмнэлгээс гарчээ.

Манай улсад шинэ жилийн баяртай холбоотойгоор 12 дугаар сарын сүүл, энэ сарын эхээр халдварын тохиолдол нэмэгдэж байна.

Манай улс омикрон хувилбарыг тодорхойлох аппаратыг ДЭМБ-ын тусламжаар авч суурилуулсан бөгөөд өнгөрсөн сарын 20-ноос эхлэн шинжилгээ хийж эхэлсэн. Шинжилгээний хариу эцэслэн гараагүй. Мөн 10-12 дугаар сарын 100 шинжилгээг Япон улс руу илгээсэн бөгөөд хариу нь энэ сарын сүүлээр ирэх төлөвтэй байна.

Энхийг сахиулагчдын шинжилгээнд омикрон байх магадлалтай хэдэн тохиолдол байгаа ч дахин оношлох ажил хийгдэж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Манай улсын зорилтот бүлгийн иргэдийн 48.2 хувь нь вакцины гуравдугаар тундаа хамрагдсан. Судалгаагаар, вакцины хамгаалах чадвар 60-65 хувьд хүрчээ.

Сэтгэгдэл бичих