Израил вакцины дөрөв дэх тунгийн урьдчилсан судалгааны дүнгээ танилцуулжээ

оруулсан Алсын Хараа

/CNN/. Израилын судлаачдын хийсэн урьдчилсан судалгаагаар “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тун эсрэг биетийн түвшнийг долоо хоногт тав дахин нэмэгдүүлж байгааг тогтоосон нь өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст хоёр дахь нэмэлт тунг санал болгох шийдвэрийг бататгажээ.

Гэхдээ энэ нь урьдчилсан судалгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид хараахан үнэлгээ дүгнэлт хийгээгүй байгаагаас гадна анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдээгүй байгаа юм.

“Энэ бол сайн мэдээ. Дөрөв дэх тун вакцинд хамрагдсан хүмүүсийг халдвар авахаас, улмаар хүндээр өвчлөхөөс тодорхой хэмжээгээр хамгаална гэдгийг энэхүү үр дүн харуулж байна” гэж иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэмжсэн Ерөнхий сайд Нафтали Беннетт мэдэгджээ.

Израилд “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунг даваа гаргаас 60-аас дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнуудыг тарьж эхэлсэн бөгөөд дархлаа нь дарангуйлагдсан хүмүүсийг шинэ жилийн баярын өмнөөс хамруулж эхэлсэн юм. Гэхдээ “Sheba” эрүүл мэндийн төвд явуулсан судалгаанд эмнэлгийн эрүүл саруул ажилтнуудыг хамруулжээ.

Н.Беннеттийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, энэхүү судалгааны үр дүн нийт хүн амыг вакцины дөрөв дэх тунд хамруулах шийдвэр гаргах магадлалыг нэмэгдүүлсэн байна. Гэвч эцсийн шийдвэрийг Эрүүл мэндийн яамын ерөнхий захирал Нахман Эш гаргах юм.

Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Израилд сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 5273 тохиолдол илэрчээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн оны 8-9 дүгээр сард хамгийн өндөр буюу 9426-д хүрч байсан юм.

Энэ долоо хоногийн эхээр Н.Беннет халдварын энэ давлагааны үеэр өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 50 мянгад хүрч болзошгүйг сэрэмжлүүлжээ. Тодруулбал, халдвартай нэг хүнээс халдвар авсан хүний тоо 1.91-д хүрээд байгаа нь 2021 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих