СУДАЛГАА: ВАКЦИНЫ IV ТУН ДАРХЛААГ ТАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛДЭГ

оруулсан Алсын Хараа

Израильд хийсэн судалгаагаар “COVID-19”-ийн эсрэг вакцины IV тун эсрэгбиеийн хэмжээг тав дахин нэмэгдүүлдэг гэх үр дүнг харуулсан байна.

Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Израиль улс өнгөрсөн оны сүүлээр 60-аас дээш насны ахмадууд, дархлаа султай эрсдэлт бүлгийн иргэд болон эрүүл мэндийн ажилтнуудыг IV тунд хамруулж эхэлсэн. Израилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн нэг сарын хугацаанд тус улс дахь өдөрт шинээр илрэх тохиолдлын тоо арав дахин нэмэгдсэн байна.

Тэгвэл Тел-Авив хотын Шеба эмнэлэгт хийсэн судалгаанд вакцины III тунд хамрагдаад 4-5 сарын хугацаа өнгөрсөн 150 эрүүл мэндийн ажилтан хамрагдсан байна. Улмаар судалгаанд хамрагдагчдад “Pfzier” вакцины IV дэх тунг тарьснаас долоо хоногийн дараа эсрэгбиеийн хэмжээ нь тав дахин өссөн үр дүн ажиглагджээ. Судалгааны баг энэ долоо хоногт “Moderna” вакцины IV тунгийн судалгааг эхлүүлэх аж.

Вакцины IV тунд хамрагдсан иргэдэд ноцтой гаж нөлөө илрээгүй бөгөөд зарим хүнд III тунгийн тарилгын үеэр ажиглагдсантай ижил бага зэрэг халуурах, толгой өвдөх зэрэг ердийн шинж тэмдгүүд илэрсэн байна.

Израиль улсад өнөөдрийн байдлаар нийт хүн амын 64.3 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байгаа бол 46.4 хувь буюу 4.2 хоёр сая иргэн III бүүстер тунд хамрагдаад байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл бичих