ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-д тусгаарласан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Энэ сарын 11-ний өдөр “Covid-19” халдвар авсан нь батлагдсан франц иргэний ойрын хавьтал 88 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй. Франц иргэнтэй холбоотой хавьтлуудын шинжилгээ өмнө нь тодорхой мэдээлэгдсэн бөгөөд хавьтлуудын шинжилгээний хариу үүгээр дуусаж байна. Гэхдээ хавьтлуудын тусгаарлагдах хоног дуусаагүй.
ХӨСҮТ-д энэ сарын 15-нд тусгаарлагдсан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг, нийт хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлаж тандалт судалгаа хийж байна. Мөн өчигдөр БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирж тусгаарлагдсан нэг тохиолдол гээд нийт гурван тохиолдлын шинжилгээнд “Covid-19” илэрч, Монгол хүнд халдварын батлагдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ.
Бид тухайн ХӨСҮТ-д батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 111 хүнийг тусгаарласан. Үүнээс 61 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьтлуудад шинжилгээ хийж байна. Батлагдсан гурван тохиолдолтой холбоотойгоор онгоцонд хамт ирсэн хүмүүсийг тусгаарлаж, ажиглаж байна. Түүнчлэн 15 минутын хугацаанд хариу нь гардаг түргэвчилсэн оношлуураар онгоцоор ирсэн 43 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй" гэв.
Мөн тэрбээр, "Биднийг завгүй ажиллаж байхад байнга утас руу залгаад байх нь үнэхээр төвөгтэй байна. Мэдээллийг нэг урсгалаар өгч байгаа шүү дээ. Нэг цагийн өмнө хариуг мэдэж мэдээ дамжуулах нь чухал биш юм. Хариуг түрүүлж мэдээлж байгаа нь ажилд садаа болж байна. Тэр бүхэн маш их ачаалал үүсгэж байна. Бид тогтсон цагтаа бүх мэдээллээ цэгцлээд, нэгтгээд, дүгнээд нарийн шүүхийн төлөө ажиллаж байна. Лаборатори, тандалт, клиник гээд бүгд нэг хүн шиг ажиллаж байна. Тиймээс түүнийг бодолцон нэг шугамаар нэг мэдээ сонсохыг хүлээх нь хамтарсан ажил юм” гэдгийг хэллээ.Улаанбаатар /МОНЦАМЭ/.