Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван хүний коронавируст халдварын шинжилгээний хариу эерэг гарсан тухай Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлэв.
Халдвар авсан хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, ойрын хавьтлуудыг нарийвчлан судалж байгаа тухай Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар тэмдэглэв. Тэрбээр, "Францаас дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа бөгөөд шаардлагатай тусламжийг үзүүлж байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын есөн иргэнийг мөн тусгаарлалаа. Халдвар гарсан улс орноос иргэдээ татах нь эрсдэлтэй гэж тооцсон учраас зохих бэлтгэлийг хангаж нэг бүрчлэн тусгаарласан. Хүн амын дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлж ажилласан" хэмээв.