Европт “COVID-19” халдварын тохиолдлын тоо 100 сая давжээ

оруулсан Алсын Хараа

/VOA/. Европт “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш илэрсэн халдварын тохиолдлын нийт тоо 100 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 290 сая орчим хүн коронавирусээр халдварлажээ.

Европт сүүлийн долоо хоногийн хугацаанд ойролцоогоор таван сая тохиолдол шинээр илэрч, 52 улс орон, нутаг дэвсгэрийнх нь 17-д “омикрон” хувилбарын улмаас өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрсэн талаар “AFP” агентлаг бямба гарагт мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт тивийн хэмжээнд илэрсэн тохиолдлуудын нэг сая гаруй нь бүртгэгдсэн Франц нь АНУ, Энэтхэг, Бразил, Их Британи, ОХУ-ын араас халдварын нийт тохиолдлын тоо нь 10 сая давсан зургаа дахь орон болжээ.

Энэтхэгт бямба гарагт коронавирусний халдварын 22775 тохиолдол илэрч, “омикрон” хувилбараар халдварласан тохиолдлын тоо 1431-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд бодит тоон үзүүлэлт хавьгүй өндөр байж болзошгүйг анхааруулсан байна.

“Sydney Morning Herald” сонинд бямба гарагт мэдээлснээр, коронавирусний “омикрон” хувилбар дэлхий даяар тархах болоод буй энэ үед Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн эмнэлгүүдэд шөнийн цагаар 126 жилийн түүхэнд бүртгэгдэж байгаагүй олон дуудлага иржээ.

Тус мужийн түргэн тусламжийн ахлах мэргэжилтэн Кей Армстронгийн хэлснээр, шинэ жилийн баярын үеэр түгээмэл ирдэг согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой дуудлагууд, гэмтэл бэртэл, золгүй явдлын талаарх дуудлагаас гадна “COVID-19” халдвартай холбоотой дуудлага хамгийн их ирсэн байна.

Үүнээс гадна АНУ-д “омикрон” хувилбар тархаж байгаатай холбоотойгоор 30 гаруй коллеж, их сургууль хаврын семестрийн эхлэх хугацаандаа өөрчлөлт оруулсан талаар “CNN” телевиз мэдээлжээ.

Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, бямба гаргийн байдлаар дэлхий хэмжээнд “COVID-19” халдварын 289 сая гаруй тохиолдол илэрч, 9.1 тэрбум гаруй тун вакцин тариад байна.

Сэтгэгдэл бичих