Ковид-19 цар тахал дэлхий нийтийг түгшээсэн хэвээр байна. Улс орнууд нислэгээ цуцалж, бүх нийтийн хөл хорио тогтоож, онц байдлыг дээд түвшинд зарлаж эхэллээ. Ялангуяа Европ тив, тэр дундаа Итали, Испани, Франц улсууд өвчний голомт болон хувирч байна. Эдгээр улсуудад өдөрт дунджаар 90-170 хүн нас барж байгаа нь байдал улам хүндэрч байгааг харуулсаар байгаа юм. Өнөөдрийн 11 цагийн албан ёсны мэдээллээр дэлхийн 150 улсад өвчин бүртгэгдэж 24 цагийн дотор нас барсан хүний тоо 343-өөр нэмэгдлээ. Ингэснээр дэлхий дахинд коронавирусийн улмаас амиа алдсан хүний тоо 50,735 болж байна.
ДЭМБ-аас халдварт өвчнөөс хамгаалж буй Монгол Улсын туршлагыг өнөөдөр онцолж танилцуулсан байна. Коронавирус өвчний голомт Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хил залгаа гэдэг утгаараа өндөр эрсдэлтэй орны тоонд Монгол багтаж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар нэг ч иргэн энэ өвчин хүрээгүй. Бүртгэгдсэн нэг тохиолдол нь Франц улсын иргэнд зөөвөрлөгдөн ирсэн байгааг олон улсад мэдээлж байна. Монголын засгийн газрын авч хэрэгжүүлж буй шат дараалсан арга хэмжээ, урьдчилан сэргийлсэн байдал нь цаг үеэ олсон, оновчтой байсныг онцолжээ. Мөн иргэд нь заавар зөвлөмж, зөвлөгөөг сайтар дагаж, нийтээрээ өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан гэдгийг дамжуулсан байна. Монгол улс өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдмэгц хөл хорио тогтоох, сэжигтэй иргэнтэй уулзсан хүмүүсийг яаралтай олж илрүүлэх гээд өвчний тархалтаас сайтар урьдчилан сэргийлж байгааг онцолсон байна. Цаашид ч энэ арга хэмжээгээ үргэлжлүүлэн авахыг сануулжээ. Харин Европ болон бусад улс оронд Монголын арга хэмжээ туршлага болох ёстойг сануулжээ.