Японд “COVID-19” халдварын 500 гаруй тохиолдол илэрчээ

оруулсан Алсын Хараа

/Kyodo/. Японд лхагва гарагт коронавирусний халдварын 502 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд өдөрт анх удаа 500-гаас олон хүнээс халдвар илэрлээ.

Тодруулбал, Токио хотод 76 тохиолдол илэрсэн нь 10 дугаар сарын 16-наас хойших хамгийн өндөр, Осака мужид 61 тохиолдол илэрсэн нь 11 дүгээр сарын 11-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Осакад бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 11 нь “омикрон” хувилбараар халдварлажээ.

Шинэ хувилбар олон нийтийн тунд тархаад байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Кишида Фүмио “хамгийн таагүй нөхцөл байдлаас” урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг чангатгана гэдгээ мэдэгдсэн байна.

Тэрбээр дотуур ууж хэрэглэдэг эмийг хүрэлцээг нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, өндөр эрсдэлтэй ахмад настнуудыг аль болох ойрын хугацаанд нэмэлт тунд хамруулж, “PCR” оношлуурын хүртээмжийг сайжруулна гэж хэлжээ.

Халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд “омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахад хилийн хяналтыг дангаар чангатгах нь хангалтгүй тул дотоодын арга хэмжээнүүдийг чангатгах нь ихээхэн ач холбогдолтой болохыг Ерөнхий сайдад зөвлөсөн байна.

К.Фүмиогийн хувьд хилийн хяналтыг сулруулах асуудалд нухацтай хандсан хэвээр байгаа бөгөөд халдварын нөхцөл байдлыг харгалзан холбогдох шийдвэрийг оны эцсээр юм уу шинэ оны эхээр гаргах төлөвтэй байна.

Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр, 12 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд "Narita”, “Haneda”, “Chubu”, “Kansai” нисэх буудлуудад хилийн чанадаас ирсэн 113 хүнээс “омикрон” хувилбар илэрчээ.

Мөн Токиод төдийгүй орон даяар “COVID-19” халдварын шинэ тохиолдол нэмэгдэх болоод байна. Үүнийг халдварын тав дахь давлагаа дэгдэж байсан үетэй харьцуулахад бага байгаа хэдий ч Засгийн газрыг онцгой байдал, өндөржүүлсэн байдлын зэргийг үе шаттайгаар тогтооход хүргээд байна.

Тухайлбал, Токиод сүүлийн долоо хоногт өдөрт илэрсэн халдварын дундаж үзүүлэлт 44.9 байсан нь өмнөх долоо хоногийнхоос 57 хувиар өссөн үзүүлэлт болсон гэж тус хотын засаг захиргаанаас мэдээлжээ. Гэхдээ тухайн хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Сэтгэгдэл бичих