Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 сарын 29-нд эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.
УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх өдөр болгосон. Харин 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эл өдрийг баярын өдөр болгохоор хуульчилсан бөгөөд бүх нийтээр амардаг болсон юм.
Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүд үндэсний бахархалт ой, өдрүүдэд 815 жилийн тэртээ Их Монгол Улсыг байгуулж асан Их эзэн богд Чингис хааны хөшөөнд мэхийдэг уламжлал тогтсон юм. Их Монгол Улс байгуулагдсанаар, өрнө, дорны ард түмэн бие биеийг мэдэх болж соёл, шинжлэх ухааны олон салбарт ололт амжилтыг ашигласнаар дэлхийн хөгжил урьд байгаагүйгээр хурдацтай урагш ахижээ. Чингис хаан хаант улсаа "Их засаг" хууль дор нэгтгэн захирч байсан нь монголын хамгийн анхны бичмэл хууль, цааз хэмээн олон судлаач тэмдэглэдэг байна.