Цар тахалтай тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах;

Тус хуулийн 7.1.2-т заасан цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийн зохицуулалт хийх Засгийн газрын бүрэн эрхийг тус хуульд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар УИХ шийдвэрлэхээр зохицуулсан 7.2 дахь заалтыг хасахаар тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төслийн 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуулийн төслийг өнөөдөр 16.00 цагт эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Сэтгэгдэл бичих