АНУ-д “COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн тусгаарлагдах хугацааг богиносгожээ

оруулсан Алсын Хараа

/CNN/. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ “COVID-19”-өөр халдварласан америкчуудын тусгаарлагдах хугацааг таван хоног болгон бууруулах шийдвэрийг даваа гарагт гаргажээ.

Тус байгууллагын мэдэгдсэнээр, “COVID-19”, “омикрон” хувилбарын талаарх мэдээллүүдийг харгалзан шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тусгаарлагдах хугацааг 10-аас таван хоног болгон бууруулж байгаа бөгөөд түүнээс хойших таван хоногийн хугацаанд бусдын дэргэд байхдаа амны хаалт зүүх шаардлагатай байна.

“SARS-CoV-2” вирус бусдад халдварласан тохиолдлын дийлэнх нь өвчний эхэн үед, ерөнхийдөө шинж тэмдэг илрэхээс нэг, хоёр хоногийн өмнө, мөн илэрснээс хоёр, гурван хоногийн дараа бүртгэгдэж байгааг холбогдох судалгаануудын үр дүн харуулж буй тул энэхүү өөрчлөлтийг хийжээ.

Мөн “CDC” халдвар авсан хүнтэй ойр байсан хүмүүст өгч буй тусгаарлагдах зөвлөмжөө шинэчилжээ. Тодруулбал, вакцинд хамрагдаагүй, мРНХ вакцины хоёр дахь тунг тариулаад зургаан сар гаруйн хугацаа өнгөрч байгаа, “Johnson & Johnson”-ы вакцинд хамрагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа, нэмэлт тунд хамрагдаагүй хүмүүст таван хоног тусгаарлагдаж, түүний дараа таван хоног амны хаалт зүүхийг зөвлөнө.

Харин нэмэлт тунд хамрагдсан хүмүүс халдвартай хүнтэй ойр харилцсан тохиолдолд тусгаарлагдах шаардлагагүй хэдий ч 10 хоногийн турш амны хаалт зүүх хэрэгтэй гэж “CDC” мэдээлсэн байна.

"Хурдацтай тархаж буй “Омикрон” хувилбар манай нийгмийн бүхий л салбарт нөлөөлж болзошгүй байна. Уг вирусний тархалт болон вакцинжуулалт, нэмэлт тунгаар үүсэх хамгаалалтын талаарх тодорхой болоод буй мэдээллүүдэд үндэслэн эдгээр зөвлөмжийг шинэчиллээ” гэж “CDC”-ийн дарга Рошель Валеньский мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих