“Хурд” хамтлагийн саанаачилгаар “Монгол HD” телевиз, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтыг амжилттай зохион байгуулсан.
Уг тоглолтын үеэр иргэдээс цугласан 284 сая төгрөгийг УОК-т хандивласныг Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар хүлээж авлаа.
Шадар сайд энэ үеэр “Хурд хурдтай байлаа. Та бүхэн урлаг соёлын салбарынхныг түүчээлэн санаачилга гаргалаа. Дуу хөгжмөөрөө, эх оронч үзлийг оргилуулан ард түмнийг дагуулж байдаг та бүхэнд их амжилт хүсье. Монгол түмэндээ, хамтрагч Монгол телевизийн хамт олонд баярлалаа” гэсэн юм.
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан цахим тоглолт “Монгол” телевиз болон Онцгой байдлын ерөнхий газар, Хурд, Монгол ТВ пейж хуудсаар шууд үзэгчдэд хүрсэн юм.
Тоглолт 3 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд хандивын арга хэмжээнд 27900 гаруй иргэн нэгдсэн байна. хэмээн ЗГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.