/CTV/. Австралид коронавирусний “омикрон” хувилбараар халдварласны дараа нас барсан анхны тохиолдол Шинэ Өмнөд Уэльс мужид бүртгэгджээ.
Тодруулбал, Сидней хотын ахмад настны асрамжийн газарт амьдардаг 80 гаруй настай эрэгтэй халдварын улмаас нас барсан байна. Өвчтөн вакцины бүрэн тунд хамрагдсан байсан ч архаг хууч өвчтэй байжээ.
Австралийн хамгийн их хүн амтай Шинэ Өмнөд Уэльст сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 6324 тохиолдол шинээр илэрсэн нь өмнөх өдөр бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтээс 70 тохиолдлоор буурчээ. Одоогийн байдлаар мужийн хэмжээнд 524 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 55 хүн эрчимт эмчилгээний тасагт байна.
Өнөөдрөөс эхлэн Шинэ Өмнөд Уэльст цэнгээний газар, зоогийн газруудад хоёр хавтгай дөрвөлжин метр талбайд нэг хүнд үйлчлэх, үйлчилгээний газруудад “QR” код шалгуулан нэвтрэх зэрэг шинэ хязгаарлалтуудыг мөрдөж байгаа юм.
Шинэ Өмнөд Уэльсийн Эрүүл мэндийн сайд Брэд Хаззардын мэдээлснээр, мужийн засаг захиргаа ажиллах хүчний хомсдолыг зохицуулахын тулд “COVID-19”-өөр халдварласан хүмүүстэй ойр байсан эмнэлгийн ажилтнуудад тавьж буй тусгаарлагдах шаардлагыг цуцлахаар хэлэлцэж байгаа ажээ.