НЭМГ-ын дарга Б.Бямбадорж халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Цар тахлын халдварыг бууруулахын төлөө хамтдаа зүтгэсэн нэгэн оныг бид үдэж байна. Энэхүү хариуцлагатай үүргийг хамтдаа үүрсэн бүх хүнд баярлаж байгаагаа хэлье. Өнгөрч буй онд хамгийн их ачаалалтай үе нь нийслэлийн хэмжээнд ес, аравдугаар сар байсан. Харин арваннэгдүгээр сараас өдөрт дунджаар 230 тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт харьцангуй буурсан. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 200 тохиолдол бүртгэгдсэн. Коронавирусийн халдварыг илрүүлэх тандалт шинжилгээг арванхоёрдугаар сард 27716 хүнд хийсэн байна. Дархлаажуулалтын хувьд дөрөв, тавдугаар сард хамгийн олон хүнийг хамруулсан бол 11, 12 дугаар сард мөн идэвхжиж, 11 дүгээр сард 124635 хүн, 12 дугаар сард 91637 хүнийг дархлаажууллаа. Хамгийн идэвхтэй долоо хоногт 7374 хүнийг дархлаажуулалтад хамруулж байлаа" хэмээн мэдээллээ.