Улс орнууд "омикрон" хувилбарын улмаас хилийн хязгаарлалтаа чангатгаад байна

оруулсан Алсын Хараа

Дэлхийн улс орнууд коронавирусний "омикрон" хувилбарын тархалттай холбогдуулан хилийн чанадаас ирэх иргэдэд тавих хязгаарлалтаа чангатгаад байна. 

БНСУ

БНСУ-д  хилийн чанадаас ирж буй бүх хүнд 10 хоног тусгаарлагдах шаардлага тавьж байна. Тус улсад 11 дүгээр сарын 1-нээс эхлэн тусгаарлагдах хугацааг 14 байсныг 10 болгон бууруулсан юм. Тодруулбал, Солонгосын иргэд болон Солонгост оршин суудаг гадаадын иргэдийн хувьд өөрсдийн оршин суудаг газаа 10 хоног тусгаарлагдах шаардлагатай. БНСУ-д түр хугацаагаар зорчиж буй гадаадын иргэд, оршин суудаг газартаа тусгаарлагдах боломжгүй Солонгосын иргэд, гадаадын оршин суугчид өөрсдийн зардлаар зориулалтын байранд тусгаарлагдах ёстой.

Харин A-1, A-2, A-3 ангиллын визтэй, “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүсийн хувьд 10 хоногийн тусгаарлалтын оронд “идэвхтэй ажиглалтад” орно. Ингэснээр “Self Diagnosis App” гар утасны хавсралт болон утсаар өдөр тутам биеийн байдлынхаа талаар эмнэлгийн ажилтнуудад мэдүүлэх шаардлагатай.

Мөн Сингапураас “Vaccinated Travel Lane” буюу вакцинд хамрагдсан иргэдийг нэвтрүүлэх журмын хүрээнд ирж буй иргэдийг тусгаарлахгүй. Түүнчлэн бизнес, эрдэм шинжилгээний чухал хэргээр, албан ажлаар, оршуулгын ёслолд оролцохоор ирж буй хүмүүст Тусгаарлалтаас чөлөөлөх бичиг олгоно.

Япон

Япон улс 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 31-ний хооронд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхээ түр хориглоод байна. Энэхүү шийдвэр нь Японы иргэд болон тус улсад буцан ирж буй гадаадын иргэдэд хамааралгүй юм. Ингэснээр Японд хилийн чанадаас ирэх бүх иргэн нисэх онгоцонд суухаасаа 72 цагийн өмнө өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах ёстой. Ийнхүү ирснийхээ дараа “COVID-19”-ийн шинжилгээ дахин өгч, Тусгаарлалтын албанаас өгсөн чиглэлийн дагуу өөрийн гэр гэх мэт байранд 14 хоног тусгаарлагдах шаардлагатай.

Мөн тухайн хугацаанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос зайлсхийх хэрэгтэй. Одоогийн байдлаар зарим улс орон, бүс нутгийг коронавирусний нөхцөл байдлыг нь харгалзан тодорхой ангиллуудад оруулаад байгаа тул зорчигчид Тусгаарлалын албанаас зааварласны дагуу 3/6/10 хоног тусгаарлагдана.

Хонконг

Хонконгт хилээр чанадаас ирэх бүх хүн эрүүл мэндийн хуудас бөглөх шаардлагатай. Энэхүү хуудсыг цахимаар бөглөн хүргүүлэх боломжтой бөгөөд үүний дараа “QR” код хүлээн авна. Уг кодоо Хонконг руу нэвтрэх үеэрээ хяналтын албаны ажилтанд шалгуулна. Зорчигч Хонконгийн олон улсын нисэх буудалд буусан тохиолдолд код 48 цаг, хуурай боомтоор нэвтэрсэн тохиолдолд 24 цагийн хугацаанд хүчинтэй.

Хонконгт өндөр эрсдэлтэй орнуудаас зөвхөн вакцинд бүрэн хамрагдсан Хонконгийн оршин суугчдыг нислэгт суухыг зөвшөөрнө. Харин дунд зэргийн эрсдэлтэй орнуудаас зөвхөн Хонконгийн оршин суугчид, вакцинд бүрэн хамрагдсан гадаадын оршин суугчдыг хүлээн авна. Вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн хувьд Хонконгт ирэхээсээ 14 хоногийн өмнө вакцинжуулалтад хамрагдсан байх ёстой.

“COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн хувьд вакцинд бүрэн хамрагдсан гэх ангилалд орохын тулд нэг тун вакцин хийлгэсэн байх шаардлагатай. Хонконгт хилийн чанадаас ирэх иргэдэд заавал тусгаарлагдах шаардлага тавихаа зогсоосноос хойш зарим аялагч ойрын хугацаанд байрлаж байсан улс орон болон вакцинд бүрэн хамрагдсан эсэхээсээ шалтгаалан долоо хоног өөрийгөө ажиглах, шинжилгээнд заавал хамрагдах шаардлага тавина.

Тайланд

Тайланд тодорхой улс орнуудаас ирэх аялагчдыг тусгаарлахгүйгээр нэвтрэхийг зөвшөөрөх “Test and Go”, “Sandbox” хөтөлбөрүүдээ 12 дугаар сарын 22-ноос эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна.

Гэхдээ “Thailand Pass” системээр “QR” кодоо хэдийнээ авсан хүмүүсийн хувьд хилээр нэвтрэх боломжтой. Харин бүртгүүлсэн хэдий ч “QR” кодоо хараахан аваагүй хүмүүс холбогдох зөвшөөрлөө гарах хүртэл хүлээх шаардлагатай бөгөөд зөвшөөрөл авсан тохиолдолд хилээр нэвтрэх боломжтой.

Цаашид тусгаарлахгүйгээр хилээр нэвтрүүлэх хөтөлбөрүүдийн хүрээнд /”Phuket Sandbox”-оос бусад/ шинэ хүсэлтийг тодорхойгүй хугацаагаар хүлээн авахгүй бөгөөд хилээр нэвтрэх иргэд холбогдох журмын дагуу тусгаарлагдах журмыг мөрдөнө. "Test and Go”, “Sandbox” хөтөлбөрийн хүрээнд ирэх аялагчдын хувьд “RT-PCR” технологийг ашигласан “COVID-19”-ийн давтан шинжилгээг зориулалтын байранд үнэгүй өгөх шаардлагатай.

Тайланд улс нь “Test and Go” хөтөлбөрийн хүрээнд халдварын эрсдэл бага 63 улс орны вакцинд бүрэн хамрагдсан аялагчдыг тусгаарлагдахгүйгээр хилээр нэвтрэхийг зөвшөөрөөд байсан билээ.

Сэтгэгдэл бичих