УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлав.
Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. “Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зуржээ.
Төслийн зорилго нь Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлыг хэрэгжүүлэх, сонгогдсон гудамжуудыг аюулгүй, хүртээмжтэй, эрсдэлгүй болгож олон улсын туршлагын дагуу жишиг гудамж бий болгоход оршино. Мөн замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчилж, нэгдсэн систем бий болгох замаар түгжрэлийг бууруулах хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж.
Төслийг санхүүжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай бөгөөд үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
Төслийн хүрээнд гудамж замын одоо байгаа сүлжээг засварлаж шинэчлэх, шинээр автозам барих, замын хөдөлгөөний зохицуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
Төслийг соёрхон батлуулахыг дэмжсэн талаарх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, дээрх төслөөр 100 сая ам.доллар буюу 300 орчим тэрбум төгрөг, мөн төсвөөс шийдэж өгсөн 420 тэрбум төгрөг, нийт 700 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалд зарцуулахаар болж байгааг тодотгов. Энэ хүрээнд Баянхошуу, Өнөр хороолол, Нарны замд өргөтгөл хийхээр төсөлд тусгасныг тэмдэглээд, нэг газарт нь цогц үр дүнтэй ажил төлөвлөж болох эсэийг асуув. Тухайлбал, Баянхошуу, 70 давхар, Долоон буудал, Дарь-Эх, Шар хад, Баянзүрхийн товчоог холбогсон тойрог замтай болох төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн дурдлаа. Мөн Яармагийн гүүрнээс Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын замыг холбох, Туул голыг давсан хэд хэдэн гүүр барихаар өмнө нь тооцож байсан төслийг хэрэгжүүлж, тодорхой үр дүн авчрах зүйлд хөрөнгө зарцуулах хэрэгтэйг онцлов.
Нийслэлийн Засаг даргын төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулан өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулах 28 зүйл бүхий зөөлөн болон хатуу бодлогын 146 төсөл хэрэгжүүлэхээр болсныг дурдав. Тэдгээрийг олон улсын зээл, дотоодын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэлээ. Тэрбээр, "Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих дээрх төсөл нь хотын түгжрэлийг бууруулах ажлын нэг хэсэг бөгөөд 35.5 км авто зам тавих юм. Ингэхдээ, 20 жилийн өмнө барьсан гол тулгуур зам болох Нарны замын хэвтээ чиглэлийн зургаан эгнээ артерийн замыг шинээр бий болгоно. Мөн Зам тээврийн удирдлагын систем, гэрлэн дохио, камер зэргийг системийг цогцоор нь шинэчлэх төсөл юм. Ирэх гурван жилд түгжрэлийг бууруулах хүрээнд 60.5 км гол зам барихаар төлөвлөж байгаа. Зургаан эгнээтэй Энхтайваны өргөн чөлөөний замд гурван коридор нэмнэ. Шинэ тойрог замын төсөлд 71.5 км зам тавихаар тооцоо хийсэн. Ингэхдээ, С.Бямбацогт гишүүний хэлсэн хойд хэсгийн 22.5 км замыг тавина. Ингэхдээ, газар чөлөөлөлтийн 120 тэрбум төгрөг шаардлагатай байгааг төсөвт суусан 420 тэрбум төгрөгөөс эхний жилд 68 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа. Нийт 7 байршилд шинээр гүүрэн байгууламж хийнэ. Яармаг чиглэлд 650 метр буюу хамгийн урт гүүрэн байгууламж барихаар төлөвлөж байгаа. Мөн Зайсан, Баруун Сонсголонд шинээр тойрог зам хийхтэй холбогдуулан олон түвшний огтлолцолтой гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн" хэмээн хариулав.
Мөн тэрээр гишүүний тодруулгад, "Одоо 9.5 км байгаа Нарны замыг өргөтгөж 6 эгнээтэй болгоно. Түүнчлэн Баруун тийш 10 дугаар хорооллоос нэвт гарч Сонсголонгийн уулзвартай нийлж Баруун аймгийн замд нийлнэ. Харин зүүн тийш Нарантуул захын нохойтой уулзвар орохгүйгээр нэвт яваад Улиастайн шинэ замтай нийлнэ. Ингэснээр, Нарны зам 17.5 км болж уртасна. Өргөтгөлийн хувьд, 1 км замд 1.6 сая ам.долларын өртөг гарч байна. Харин шинээр тавих замын нэг км тутамд 2.8-3.5 сая ам.долларын өртөг гарахаар тооцож байгаа" гэж хариуллаа.
Гишүүд асуулт асуулт хариулт авч, үг хэлсний дараа санал хураахад хуралдаанд хуралдаанд оролцсон 56 гишүүний 41 нь буюу 73.2 хувь нь батлахыг дэмжлээ.