УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үед АН-ын бүлэг түр завсарлага авлаа.
Төсөлд Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр тусгажээ. Мөн“Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар тусгасан байна. Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах саналыг тусгажээ. Мөн татварын актын биелэлтийг хангуулахаар тусгасан юм.
Уг төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, “Оюу толгой төсөл маш чухал. Гэвч манай бүлгийн гишүүдэд энэ төслийн талаар мэдээлэл маш бага байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу 5 хоногийн завсарлага авах хүсэлтэй байна” гэлээ.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар уг төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн тул маргааш 10.00 цаг хүртэл завсарлага өгч байна хэмээв. Ийнхүү чуулганаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.