Цахим үйлчилгээ нэвтрүүлснээр 65 тэрбум төгрөг хэмнэжээ

оруулсан Алсын Хараа

Төрийн үйлчилгээний цахим системийг ирэх онд улам хөгжүүлж, 100 гаруй байгууллагын мянга гаруй үйлчилгээг нэвтрүүлж үзүүлэхээр төлөвлөж байгаа талаар Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ. Одоогийн байдлаар төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системээс иргэд 600 үйлчилгээг авах боломжтой болоод байна. Энд жолооны үнэмлэхээ солихоос эхлээд иргэний үнэмлэхээ дахин авах, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар үйлчлүүлж байгаа юм.

Ирэх онд орон нутаг дахь төрийн үйлчилгээг энэ системд холбож цахимжуулж алслагдсан бүс нутгийн иргэдийг зорилтот бүлэг болгон ажиллана гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдэгдэж байна. Тодруулбал, 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг цахимжуулж, сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч, сурч буй монгол иргэдээ цахим системд холбон үйлчлэхээр болжээ. Ингэхэд цахим системийг нэмэлт байдлаар хөгжүүлэх шаардлага байгааг хэллээ. Тэрээр, “Гадаадад суугаа Монгол улсын иргэн, Монгол улсад буй гадаадын иргэн e-mongolia-р үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хотын захын дүүрэг, хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд үйлчилгээгээ хүргэх чиглэлд зорьж ажиллана. Үүний тулд бид нэмэлт хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байна” хэмээн тодотгож байна.

Одоогийн байдлаар “E-Mongolia” цахим системд 8 аймгийн 498 үйлчилгээг холбон нэгтгээд байна. Төрийн үйлчилгээг цахим системтэй болгож ашигласнаар хурдан шуурхай үйлчилдэг болж  65 тэрбум төгрөгийн хэмнэлт хийжээ.

Энэ жил төрийн цахим системээр хамгийн их түгээмэл авсан үйлчилгээ:

  • Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох 94,325
  • Иргэний үнэмлэх дахин авах 50,385
  • Гадаад паспорт дахин авах 14,471
  • Шүүхийн шийдвэрийн архивын лавлагааг 3021 иргэн авчээ.

“Е-Mongolia” системээс давхардсан тоогоор нийт 6.5 сая үйлчилгээг иргэд авснаас 56 хувь нь нийслэлд, 44 хувь нь орон нутгийн иргэд байна. Онцлох үйлчилгээг дурдвал хуулийн этгээдийг онлайнаар байгуулах боломжтой болсон  бөгөөд тус үйлчилгээг нэвтрүүлсэн 2 сарын хугацаанд 356 хуулийн этгээдийг “e-Mongolia”-р дамжуулан байгуулсан байна.

Сэтгэгдэл бичих