Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнасныг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулав.
Энэ үеэр Ч.Наранбаатар дарга аваргуудтай монгол үндэсний бөх, цаашлаад спортын салбар дахь цэвэр ариун өрсөлдөөнийг бий болгох, допингоос ангид байлгах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар: “Монгол үндэсний бөхийг цэвэр ариун байлгах, допингоос ангижруулах чиглэлээр оройлон оролцож буй та бүхний зүтгэлийг МҮОХ-ноос үнэлж энэхүү шагналаа гардуулж байгаа юм шүү. МҮОХ ямар ч үед допингийн эсрэг тууштай тэмцэнэ. Харин одоо бид тус тусдаа тэмцээд байх биш, холбогдох бүх байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй байна. Энэ үйлсэд аваргууд та бүхний үүрэг оролцоо их байх болно” гэв.
Харин Ч.Санжаадамба аварга: “Үнэнийг хэлэхэд допингийн эсрэг ганц хоёрхон бөх тэмцээд үр дүнд хүрэхгүй байна. Харин МҮОХ, МҮБХ бөхчүүдтэйгээ хамтраад тэмцвэл илүү үр дүнтэй. Допингийн хор хөнөөлийг таниулж, соён гэгээрүүлэх ажил дутагдалтай санагддаг. Допинг хэрэглээд цол авч болдог юм байна гэсэн ойлголт залуусын дунд бий болчихсон. Энэ бол хамгийн буруу хандлага. Хэрэв том цолтой бөхчүүд нь допинг хэрэглэлгүй амжилт гаргаж болдгийг харуулбал дүү нар хэрэглэхгүй шүү дээ” гэв.
Мөн С.Мөнхбат аварга: “Юуны өмнө биднийг хүлээн авч, нэр хүндтэй шагналаа гардуулсан МҮОХ-нд талархлаа илэрхийлье. Спортын салбарын хамгийн том байгууллага маань допингийн асуудалд анхаарлаа хандуулж байгаад баяртай байна. Үнэнийг хэлэхэд үндэсний бөхийн үзэгчийн тоо багасаж, үнэлэмж буурсаар байна. Хөдөөгүүр үндэсний бөхөөр барилддаг хүний тоо багасаж байна. Сүүлийн үед шинэ мэх, арга техник суръя гэж хичээдэг бөх цөөрлөө. Харин яаж хүчтэй болох вэ, ямар эм тариа хэрэглэх вэ гэж л хайдаг болсон. Допингийг зарж борлуулдаг цөөн хэдэн хүн л байгаа шүү. Энэ нөхдүүд хориотой эм бэлдмэлийг улсын хилээр яаж оруулж ирээд байна гээд яривал зөвхөн үндэсний бөхөөр тогтохгүй маш том асуудал болно. Тиймээс холбогдох байгууллагууд бүгд хамтраад допингийн эсрэг тэмцэх санаачилга гаргаж байгаад баяртай байна” гэв.