УИХ-ын дарга Г.Занданшатар эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч өнөөдөр уулзлаа.
Уулзалтад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, профессор, Н.Бира, Х.Оюунцэцэг, доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, Ц.Одгэрэл, доктор Н.Үен, зүрх судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Н.Бат-Эрдэнэ нар оролцов. Эрүүл мэндийн салбарынхан өмнө нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг өнөөдрийн уулзалтаар хөндөв.
Уг хүсэлтэд:
1. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.15-д “Их сургуулийн эмнэлэг” гэсэн нэмэлт оруулах;
2. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.19-д “Их сургуулийн эмнэлэг нь Анагаах ухааны боловсрол олгох Их сургуулийн харьяа, анагаахын сургалт судалгааны ажил эрхлэх, төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх цогцолбор байна” гэсэн нэмэлт оруулах; хэмээн дурдсан байсан юм.
Хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос боловсруулсан бөгөөд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. УИХ-ын дарга Г.Занданшатар, "Дайны хажуугаар дажин” гэж үг бий. Улс орон, дэлхий даяар корона вирусийн аюултай тэмцэж буй энэ үед асуудлыг аль болох зөв, ирээдүйг харсан нэгдмэл бодлого, зорилгоор шийдэх нь чухал. Хууль батлах нэг хэрэг. Гарцаагүй зөв зохицуулалт хийх ёстой. Нэр томъёо, аль яамны харьяалалд байх зэрэг асуудлыг хөөцөлдөхөөс нэгэнт баригдаж, ашиглалтад орсон эмнэлгийг Их сургуулийн эмнэлгийн дэлхийн жишгийн дагуу ажиллуулах нь илүү чухал гэж тэмдэглээд, “Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой. Энэ л та бидний үндсэн зорилго" гэлээ.