Оюу толгой ордоос Монголын хүртэх үр ашгийг дээшлүүлэх тогтоолын төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэнэ

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг дэмжиж, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан байна.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Төсөлд “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр тусгажээ. Мөн“Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар тусгасан юм. Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах саналыг тусгажээ. Мөн татварын актын биелэлтийг хангуулахаар тусгасан гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.

Уг төслийг өнөөдөр “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Улмаар маргааш буюу энэ сарын 23-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх аж.

Тогтоолыг баталж, Засгийн газарт эрх олговол дээрх 10 гаруй баримт бичиг боловсруулахаас гадна хоёр талаас үүсгээд буй арбитрын маргааныг эвийн журмаар шийдвэрлэх ажил үргэлжилнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд онцолсон юм.

Сэтгэгдэл бичих