Гадаадаас Монгол Улсад ирж байгаа бүх хүнийг гурав хоног тусгаарлах нарийвчилсан журам боловсруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр УОК-т үүрэг болгожээ.
Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр, “Монгол Улсын хувьд нэр бүхий 11 улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлаж, хяналт тавьж байгаа юм. Халдварын шинэ төрөл болох Омикрон хувилбар 90 гаруй улсад тархаад байна. Хилийн боомтууд дээр авч буй шинжилгээгээр гадаадаас ирсэн иргэдээс коронавирус илрэх тохиолдол нэмэгдэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн сарын 27-ноос өнөөдрийг хүртэл нийт 180 эерэг тохиолдол бүртгэгдээд байна” гэлээ.