Манай улсад омикрон хувилбар бүртгэгдсэн тухай мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр тодруулга мэдээлэл хийлээ.
-Монголд омикрон хувилбарыг оношлох лаборатори бий юу?
-Хил дээр эерэг гарсан тохиолдлыг тусгаарлаж байгаа. Тусгаарласны дараа PCR шинжилгээ авч, хамгийн эцсийн баталгаажуулалтыг шинээр ашиглалтад оруулсан лабораторид генийн дараалал тогтоож байгаа. Үүнд 5-10 хоногийн хугацаа ордог. Вирусийн генийн дараалал тогтоох нэг лабораторийг ХӨСҮТ-д байгуулсан. Энд ажиллах гурван эмчийг Японд бэлтгэсэн. Тэгэхээр Монгол Улс генийн дарааллын шинжилгээг найдвартай тогтоож байгаа гэж ойлгож болно.
-Өнгөрсөн хугацаанд ирсэн 5000 гаруй зорчигчоос эерэг гарсан тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээгээр омикрон хувилбар бүртгэгдээгүй гэж ойлгож болох уу?
-Манай улсын хилээр 11 дүгээр сарын 26-наас хойш ирсэн 54 нислэгийн 5000 гаруй иргэнд шинжилгээ хийхэд омикрон хувилбар бүртгэгдээгүй. Иргэд итгэлтэй байж болно.
-Гадаадаас ирсэн иргэдэд ямар хяналт тавьж байна вэ?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар гадаадаас иргэдийн шинжилгээний хариу эерэг гарвал тусгаарлаж байгаа. Сөрөг гарсан бол гэрт нь 10 хоног тусгаарлах журам үйлчилж байгаа. Гэртээ тусгаарлагдаж буй иргэд ирснээс хойш дөрөв дэх хоногтоо PCR шинжилгээ өгч байна. ХӨСҮТ, ЭМЯ-ны баг хилийн хяналтын үйл ажиллагааны өдөр тутмын мэдээллийг авч байгаа. Хил дээрх хяналтыг эрчимжүүлбэл Монгол Улсад омикрон хувилбарыг нэвтрүүлэхгүй байх боломжтой. Ойрын үед гадаад руу группээрээ явж байгаа жуулчдын асуудлыг шийдэх байх. Монгол Улсад дотоодын халдвар буурах хандлагатай байгаа энэ үед гадаадын 100 гаруй оронд маш хурдан халдварлах чадвартай омикрон хувилбарын халдвар тархлаа. Тиймээс гадаадаас ирж байгаа иргэд, тэр дундаа группээрээ явсан аялагчдаас халдвар илрэх эрсдэл өндөр байна. Тиймээс төр засгаас дараагийн шатны арга хэмжээ авах байх.
-Энхийг сахиулагчдаас халдвар илэрлээ гэсэн мэдээлэл гарсан?
-Энхийг сахиулагчид өчигдөр ирсэн. Халдвар илэрсэн хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарласан. Бусад нь БХЯ-ны харьяа Багабаян дахь Цэргийн амралтад тусгаарлагдсан. Эерэг гарсан сорьцыг ХӨСҮТ рүү хүргүүлсэн. Сорьод вирусний генийн дараалал тогтоох шинжилгээг өнөөдрөөс эхэлж байна.