Францад “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ

оруулсан Алсын Хараа

/France24/. Францын Эрүүл мэндийн газар “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг даваа гарагт олгожээ.

Вакцин хүүхдүүдэд өндөр үр дүн үзүүлсэн гэдгийг шинэ эмийн эрсдэлийг үнэлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн нэг Лиз Альтер мэдээлсэн байна. Мөн Эрүүл мэндийн газар энэхүү шийдвэрийг хүлээж байсан бүх эцэг эхэд 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулахыг зөвлөж буйг уламжилжээ.

Өнгөрсөн долоо хоногоос Францад эрүүл мэндийн шалтгаантай 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн газраас холбогдох зөвшөөрөл олгосон тохиолдолд энэ насны бүх хүүхдийг дархлаажуулах аяныг өрнүүлэх бэлтгэлийг эрчимжүүлсэн байна.

Ерөнхийлөгч Эмманюэль Макрон өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ хүүхдүүдийг вакцинжуулахын ач холбогдлыг онцолсон ч эцэг эхчүүдэд шийдвэрээр хийх хэрэгтэйг нэмж хэлжээ.

Л.Альтерийн ярьснаар, хүүхдүүд хүндрэх эрсдэл бага байгаа ч хүндээр өвчилсэн хүүхдүүдийн 80 хувь нь ямар нэгэн архаг хууч өвчингүй байна. Иймд “Дельта” хувилбараас хурдан халдварладаг “омикрон”-ы улмаас хүүхдүүд хүндээр өвчлөх тохиолдол нэмэгдэж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

Өнгөрсөн сард Европын Эмийн агентлаг /EMA/ “Pfizer-BioNTech”-ийн вакцины бага тунг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг олгосноос хойш Европын Холбооны хэд хэдэн орон энэ насны хүүхдүүдийг вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл бичих