ДЭМБ: Цар тахлыг зогсооход дэлхий нийтээрээ хамтран ажиллах хэрэгтэй байна

оруулсан Алсын Хараа

/AFP/. Ирэх онд “COVID-19” цар тахлыг зогсоохын тулд хамтран ажиллаж, хүндхэн шийдвэрүүдийг гаргахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхий дахинд уриаллаа. Тэрбээр 2022 оныг цар тахлаас ангижирсан жил болгох хэрэгтэй гэж даваа гарагт мэдэгджээ.

“Жилийн эцсээр тохиодог баярын өдрүүд ойртон ирж буй энэ үед хүн бүхэн гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүсэж байна. Бид бүгд л амьдралын хэвийн хэмнэлдээ эргэн орохыг хүсэж байгаа. Гэвч ингэхийн тулд хурдан халдварладаг “омикрон” хувилбарын тархалт эрс нэмэгдэж буй энэ цаг үед өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй байна” гэж Т.Гебрейесус хэлжээ.

“Омикрон” хувилбар 11 дүгээр сард Өмнөд Африкт анх илэрснээсээ хойш дэлхийн олон арван улс оронд илрээд байгаа нь цар тахлын хүнд үе ард хоцорсон гэх итгэл найдварыг бөхөөгөөд байгаа юм. Хэдийгээр шинэ хувилбар нь одоогоор давамгайлан тархаж буй “дельта”-гаас хүндээр өвчлүүлдэггүй бололтой байгаа ч урьдчилсан мэдээллээр хурдан халдварладаг, вакцинд тэсвэртэй байх төлөв ажиглагдаад байна.

ДЭМБ-ын тэргүүн “COVID-19” халдварын тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж буйг цохон тэмдэглээд, “баяраа одоо тэмдэглэж хожим гашуудсанаас түр хойшлуулаад дараа тэмдэглэх” нь дээр хэмээн хэлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн, “Яг одоо бид цар тахлыг зогсооход гол анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэсэн байна.

Түүний хэлснээр, цар тахлыг зогсооход вакцин тэргүүтэй халдвартай тэмцэх хэрэгслүүдээс гадна амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд ирэх онд цар тахлаас ангижрахын тулд вакциныг чинээлэг, ядуу буурай орнуудад адил тэгш хуваарилах шаардлагатай байна.

Сэтгэгдэл бичих