/The Globe and Mail/. “Rio Tinto” компани Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ даргаараа Канадаас БНХАУ-д суугаа Элчин сайдын албыг хашиж буй Доминик Бартоныг сонгосноо өнөөдөр мэдэгдлээ. Хятад улс нь “Rio Tinto”-гийн хувьд хамгийн том зах зээлээс гадна тус компани нь Австрали дахь эртний түүхтэй агуйнуудыг сүйтгэсэнтэй холбоотой дуулианыг намжаахыг зорьж буй юм.
Ийнхүү Д.Бартон Баруун Австрали мужид орших 46 мянган жилийн түүхтэй “Juukan Gorge” агуйн цогцолборыг 2020 онд сүйтгэсний хариуцлагыг хүлээн огцорно гэдгээ мэдэгдээд буй ТУЗ-ийн дарга Саймон Томпсоны халааг 2022 оны тавдугаар сараас авахаар болж байна.
Д.Бартон 2009-2018 онд “McKinsey & Co” компанид удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд түүнээс өмнө тус компанийн Ази дахь тэргүүнээр ажиллаж байжээ. Тийнхүү 2019 оноос Канадаас БНХАУ-д суугаа Элчин сайдаар томилогдож, Оттава, Бээжингийн харилцаа хүйтэн хөндий болоод байх үед Хятадад баривчлагдсан Канадын хоёр иргэнийг суллахад хувь нэмрээ оруулсан юм.
“Rio Tinto”-гоос хамгийн сүүлд танилцуулсан жилийн тайланд дурдсанаар, Хятад улс нь компанийн орлогын тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг бөгөөд үүнд дэд бүтцийн бүтээн байгуулалтад ихээхэн ач холбогдолтой гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдэр голлох нөлөө үзүүлдэг байна. 2020 оны тавдугаар сард “Rio Tinto” Австрали дахь агуйн байгууламжуудыг сүйтгэсэн нь олон нийт, хөрөнгө оруулагчдын шүүмжлэлийг дагуулж, улмаар тухайн үеийн гүйцэтгэх захирал тэргүүтэй хэд хэдэн өндөр албан тушаалтан огцорсон юм.