Нидерландад “омикрон” хувилбарын улмаас хатуу хөл хорио тогтооно

оруулсан Алсын Хараа

/Reuters/. Нидерландад коронавирусний хурдан халдварладаг “омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахын тулд зул сар, шинэ жилийн баярын үеэр хатуу хөл хорио тогтоохоор болсныг тус улсын Ерөнхий сайд Марк Рютте бямба гарагт мэдэгдлээ.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нэн шаардлагагүй дэлгүүрүүдээс гадна зоогийн газар, үсчин, музей, бялдаржуулах төв зэрэг олон нийтийн үйлчилгээний газрууд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсооно. Мөн бүх сургуулийн үйл ажиллагааг ирэх сарын 9 хүртэл түр зогсоох ажээ.

“Нидерландад “омикрон” хувилбарын улмаас халдварын тав дахь давлагаа дэгдээд байгаа тул дахин хөл хорио тогтоохоос өөр аргагүйд хүрлээ” гэж М.Рютте телевизээр дамжуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Ийнхүү хөл хорио тогтоох хугацаанд өрхүүдэд хоёроос олон зочин хүлээн авахгүй байх зэргийг зөвлөнө.

“Энэ цаг үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд алдаа дутагдал гарвал эмнэлгийн ачаалал "зохицуулахын аргагүй түвшинд" хүрч болзошгүй” гэдгийг М.Рютте онцолжээ. Одоогоор тус улсад “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхийн тулд тулд тогтмол үзүүлдэг эмчилгээ сувилгааг хязгаарлаад байгаа юм байна.

Нидерландад өнгөрсөн сарын сүүлээр шөнийн цагаар хөл хорио тогтоосноос хойш сүүлийн долоо хоногуудад “COVID-19”-ийн өвчлөл буурах хандлагатай байсан юм. Гэвч “омикрон” хувилбар тархсан нь халдварын нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна. Тодруулбал, “омикрон” гурван долоо хоногийн өмнө анх илэрснээс хойш уг хувилбарын тохиолдол эрс нэмэгдэж, халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байна.

Нидерландын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Яап ван Дисселийн мэдээлснээр, “омикрон” зул сараас шинэ жилийн баярын хооронд улсын хэмжээнд давамгайлан тархсан хувилбар болон хувирах төлөвтэй байна. Тус улсад насанд хүрсэн хүн амын 85 гаруй хувь нь вакцинд хамрагдаад байгаа боловч ес хүрэхгүй хувь нь л нэмэлт тунд хамрагдаад байгаа нь Европтоо хамгийн доогуур үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс бямба гарагт мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 14616 тохиолдол илэрчээ. Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойш “COVID-19” халдварын 2.9 сая гаруй тохиолдол илэрч, 20420 хүн халдвараар нас барсан байна.

Сэтгэгдэл бичих