Улсын аварга П.Бүрэнтөгс "Хантайшир" дэвжээ ойн барилдаанд түрүүллээ

оруулсан Алсын Хараа

Говь-Алтай аймгийн бөхийн "Хантайшир" дэвжээ" үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын харцага О.Хангай үзүүрлэн, Их шөвөгт Улсын харцага Б.Бат-Өлзий, Өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд Улсын харцага Б.Орхонбаяр, Улсын начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Аймгийн хурц арслан Ө.Батзул нар үлдэв. Их шөвгийн бөхчүүдэд шагналыг "Хантайшир" дэвжээний Гүйцэтгэх захирал, Улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, Улсын заан Ц.Магалжав болон "Хантайшир" дэвжээний удирдлагууд гардууллаа.

Тус барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, Улсын заан Ц.Одбаяр, Улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, Ч.Батчулуун, Н.Мустафа, Улсын начин Ж.Чулуунбат, Л.Лха-Очир тэргүүтэй 128 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсан юм.

Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээнээс ахмад бөхчүүддээ болон хүндэт засуулуудад хүндэтгэл үзүүлж, баяр хүргэжээ.

Дараагийн барилдаан 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гарагт Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих