Ирландад “омикрон” хувилбар давамгайлан тархах болжээ

оруулсан Алсын Хараа

/CNN/. Ирландад ням гарагт “COVID-19” халдварын 5124 тохиолдол шинээр илэрсний 52 орчим хувь нь “омикрон” хувилбараар халдварласан байсан талаар тус улсын Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

“Омикрон” хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд давамгайлан тархсан хувилбар болсноос хэр халдварлах чадвартай болох нь харагдаж байна гэж Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Тони Холохан хэлсэн байна.

Тэрбээр “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд хамрагдсанаар эмзэг бүлгийн хүн амд учрах эрсдэлийг бууруулж, эрүүл мэндийн салбарыг хамгаалж, өвчтөнүүдийг халдвараар нас барахаас урьдчилсан сэргийлнэ гэдгийг цохон тэмдэглээд, аль болох ойрын хугацаанд нэмэлт тунг тариулахыг иргэдэд уриалжээ.

Ирландад ням гаргаас эхлэн 40-49 насны иргэд вакцины нэмэлт тунд хамрагдах боломжтой болжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, орон даяарх вакцинжуулалтын цэгүүдийн гадна урт дараалал үүссэн байна.

Ирландын Засгийн газар энэ насны иргэдийг 12 дугаар сарын 27-ноос эхлэн нэмэлт тунд хамруулахаар төлөвлөж байсан ч зул сар, шинэ жилийн баяраас өмнө аль болох олон хүнийг дархлаажуулахын тулд ийнхүү шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих